Усаин Болт: Ялагдал хамгийн амттай

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Усаин Болт: Ялагдал хамгийн амттай

Дэлхийн хамгийн хурдан хүн, 100 метр зайг 9,58 секундэд туулдаг гайхамшиг, өнөө цагийн шилдэг спринтер, амьд домог… Хэтийдсэн гэмээр тодотголтой энэ эрхэм бол Усаин Болт. Гүйлтийн замд домог болтлоо нэрээ дуурсгасан түүнийг дэлхий танина. Бээжингийн олимпийн наадмаас гурван алтан медаль хүртэж, Лондонгийн олимпийн замд тэр амжилтаа бататгасан хосгүй авьяастан. Авьяасаар өөрийгөө хазаарлаагүй тэрбээр шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд энэ өндөрлөгт хүрсэн гэдгээ хэлдэг, өөрөөс нь үлгэр дуурайл авдаг хүмүүст ингэж захидаг аж. Их спортын талбарт агуу амжилттай түүний Британийн “GQ” эрчүүдийн сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Таныг дөнгөж саяхан Йохан Блейк /Ямайкийн спринтер/-тэй ярилцаж байхыг тань сонслоо. Гарааны шугамд таны гаргадаг зан байдал, авир өөртөө итгэлтэй байгаагийнх биш, харин ч сандарсан, тэвдсэн сэтгэлээ нуух гэж оролддогийнх гэж Блейк хэлж байна. Үнэхээр тийм гэж үү?

-Тэр чинь би биш ээ. Надад ямар нэг асуудал гараагүй л бол би хэзээ ч сандардаггүй. Миний хийдэг үйлдэл, гаргадаг зан байдалд фенүүд маань дуртай болохоор л тэгдэг юм. Энэ бол би, миний төрөлх зан чанар. Хүмүүс намайг хурдан гүйхийг харахыг хүсдэг, гэхдээ бас хөгжилдөж, эерэг энерги авахыг хүсдэг л байж таарна. Тэд хувь хүн талаас нь намайг харахыг хүсдэг гэж боддог юм, тэгээд л тэр. Йохан Блейк өөрөө л сандардаг байх, тэрнээс би бол биш!

-Ингэхэд та Уейн Рүүнигийн талаар ямар бодолтой байна вэ. Дэвид Мойес түүнийг багаасаа явуулах ёстой байсан уу?

-Тухайн тоглогчоос л шалтгаалах байх. Тоглогч үнэхээр үлдэхийг хүсэхгүй бол явсан нь дээр шүү дээ.

-Та автомашинд хоббитой хүн. Яг одоо ямар машин унаж яваа вэ?

-Надад цоо шинэ Nissan GT-R байгаа. Алтлаг өнгөтэй, дотор засал чимэглэл нь цагаан. Яг л над шиг хурдан эд дээ /инээв/.

-Эрэгтэй хүн болгон эмэгтэйчүүдийн талаар юу мэдэх ёстой вэ, таны бодлоор?

-Эрчүүд худлаа ярихыг эмэгтэйчүүд анддаггүй. Үргэлж шүү. Ямар ч үед, юуны ч тухай байсан хамаагүй тэд худлаа гэдгийг нь олоод мэдчихдэг. Тагнуулчид шиг л…

-Таныг чамгүй сайн DJ гэдэг юм билээ. Бүжгийн талбай дээрх хүмүүсийг тараахын тулд та ямар дуу сонгох вэ?

-Боб Марлигийн “One Love”. Шоуг дуусгах миний хамгийн сүүлчийн дуу энэ байх болно.

-Та хурдан гүйдэг шигээ төгс эзэмшихийг хүсдэг өөр ямар зүйл байна?

-Хоёр юм байна аа. Бүжгийн талбай дээр эргэлдээд л, брекдэнс хийж сурмаар байна. Бас BMX. Үүний төлөө үхэхэд ч бэлэн байна.

-Нэг гоё ном санал болгооч?

-Би ч нэг их ном уншдаггүй дээ. Гэхдээ хамгийн дуртай ном гэвэл “Өвгөн, тэнгис хоёр” романыг нэрлэнэ. Жижиг ч гэлээ сонирхолтой ном.

-Эрэгтэй хүн бүрийн үзэх ёстой кино юу вэ?

-Би ч их олон кино үзсэн дээ. Хамгийн дуртай нь гэвэл “Гладиатор”, бас “Рэмбо”-гийн цувралууд янзтай. Би Жейсон Стэтхэмийн фен, тийм болохоор түүний тоглосон бүх киног үзсэн, дуртай.

-Та амралтаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Видео тоглоомын донтон шүү дээ, би. Ялангуяа “Call of Duty”.

-Та онлайнаар хүмүүстэй холбогдож тоглодог уу?

-Тэгэлгүй яахав.

-Та тэгээд хүмүүст өөрийгөө илчилдэг үү?

-Надад тоглоомын маш олон найз бий. Хамгийн хөгжилтэй нь, миний нэрээр хүмүүс тоглоод байдаг юм. Сайн тоглоод байвал ч гоё санагддаг шүү.

-Уралдааны талбарт таныг хөдөлгөх хүч?

-Өөртөө хэр итгэлтэй байгаагаас шалтгаална. Анх удаа олимпод орж байхдаа би бусад хүмүүстэй уралдаж байсан, анхных болохоор тэр л дээ. Харин дараа нь дэлхийн аваргаар би цагтай уралдсан. Бусад хүмүүсийг ялна гэж мэдэж байсан болохоор. Харин өнгөрсөн жил би бүх зүйлтэй өрсөлдсөн. Зарим нэг сорилгод ялагдаж, уралдааны талбараас хэсэг хөндий байсан болохоор тэр л дээ.

-Та дахиад дэлхийн рекорд эвдэх зорилго тавьсан уу?

-Энэ жилийн гол төлөвлөгөө маань энэ.

-100 метрт 9,4 секунд хурдалж чадах болов уу?

-…Тийм. Би тийм гэж хэлэхийг хүсч байна. Тэгэхээр тийм гээд л бодчихъё, хоёулаа.

-Та бусдад ямар зүйлээрээ дурсагдаж үлдэхийг хүсдэг вэ?

-Зүгээр нэг агуу тамирчдын нэг байгаад зогсохгүй, хөгжилтэй, бусдын хайр хүндлэл хүлээсэн, бодь хүн байхыг хүсдэг. Домог байгаасай гэж та бодож байна уу. Миний бодлоор би тэр хэмжүүрт бараг л хүрчихсэн. Одоо надад дахиад нэг олимп байна, би тэнд өмнөх амжилтаа бататгаж чадна. Гурван удаа аварга авчихвал болох нь тэр. Энэ спортод дахиж ийм амжилт гаргах хүн байхгүй байх.

-Ингэхэд та уралдахынхаа өмнө тахианы шарсан далавч иддэг хэвээрээ юу?

-Ер нь хориотой болсон шүү. Идэхийг хориглосон, гэхдээ хааяа нэг идчихдэг юм.

-Британийн хамгийн сайхан хувцасладаг эр хэн бэ?

-Дэвид Бэкхэм. Бэкхэм үргэлж сайхан хувцасласан харагддаг.

-Таны “Цахилгаан” гэдэг алдартай “поз” бий. Олон ч алдартан тэгж харагдсан. Таны хувьд хамгийн бахархалтай нь хэн байв?

-“Expendables-2” киноны нээлтийн үеэр Жейсон Стэтхэм надтай хамт “Цахилгаан” хийсэн.

-Та нэг ярилцлагадаа дурдсан байсан. “Ялагдал үргэлж сайхан байдаг. Сэргээдэг болохоор тэр” гэж…

-Би хааяа боддог юм, үргэлж уулсын оргилд байж, үргэлж ялалт, ялалт гэсээр хүн залхуурч, анхаарал сарниж эхэлдэг. Тэр үед ялагдал хамгийн амттай. Нүдээ нээж, орчноо нэг харж, бүхнийг нухацтай бодож эхэлдэг. Миний хувьд яг зөв цагтаа ийм зүйл тохиолдсон. Хэрвээ олимпиор ялагдсан бол аймшигтай шүү дээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж