
Өглөөний 05.00 цаг. “Эртлэн босож гоёлын дээлээ өмсөн, хөөрөг даалингаа өвөртлөөд, эхнэрийн чанасан шинэхэн цайг уучихаад наадмын талбайн зүг дуу аяланхан жороолов” гэж саявтархан уншиж байсан санагдана. Ийн бодоод бэлтгэлийн өмд цамцаа өмсөн муу ажилд өмсдөг хар цувныхаа тоосыг гөвөн хувцасны гадуур давхарлаж углаад банкны зүг алхав. Зориг гарган “хүний хөгжил”-ийн мөнгөө авахаар явж буй минь энэ. Эрт очиж эртхэн ороод ядаж цайны цагаас өмнө ажилдаа амжиж очно гэж найдсан юм. Гэвч миний энэ найдварыг банкны шатан дээр бөөгнөрөн зогсож буй “хүн сүрэг” тас татав. Эхний хүн өчигдөр банк хаах цагаас өмнө энд сандлаа сугавчлаад ирсэн гэнэ.
Хүмүүсийн дийлэнх нь өнгөрсөн шөнө энд хонож “оочерложээ”. Мөн жипнээс бусад бүхий л төрлийн машинууд банкыг хүрээлэн зогсож, дотор нь хоол идэж, унтаж буй хүмүүс харагдана. Тэд хааяа нэг ээлж солилцож гадаа зогсох “сүрэгтэй” нэгдэнэ. Шөнө хүйтэн хоносон тул энэ хэд санаа нэгдэж дотроо халаасан бололтой.
Эдгээр хүмүүсийн царай шиг баргар харагдах нэг зүйл бол банкны орчин тойрон. Өмнөх өдрүүдийн дайралтын улмаас банкны өндөр шатны хоёр талын түшлэг салж унажээ. Явган нүцгэн, унаатай унаагүй олон холхиж, толхилцсоор байгаад энэ хавьд улаан сул шороо л бужигнана. Ингээд би сүрэгт нэгдэв. Одоо “тэд” биш “бид” болов.
“ГЭР БҮЛ, ТАНИЛ ТАЛ” МАНДТУГАЙ
Мөнгө авах “оочер”-ийг багасгах зохион байгуулалт хийж, тогтсон өдрүүдэд хороо, гудмаар нь олгох шийдвэрийг банкны удирдлагууд гаргаж үзжээ. Гэвч “оочер” багассангүй. Харин ч улам замбараагүй болжээ. Эхэнд зогсох нөхдүүд өөрийн гэр бүлийнхэндээ, гудамжны найзууддаа, хөрш зэргэлдээ айлынхаа хүмүүст “зогсоол хадгалах” үүрэгтэй. Хэдий би арван хүний араас орох байсан ч нэмж хорин хүн урдуур орох нь тодорхой. Ийм үед цуваа урагшлах биш арагшилна. Тэр хэрээр хойд эгнээнийхний уур бухимдал нэмэгдэнэ. Ингээд бид ч мөн “ёс журмаараа жагсаад орчихож болохгүй юм чинь урдуур дайрна” хэмээн урагшилна. Банк онгойх цаг ойртох тусам хаалга өөд зүтгэх хүмүүс олширно. Эхний эгнээнд залуучууд голдуу, араар хүч чадал муутай эмэгтэйчүүд, настнууд зогсоцгооно. Хамгийн идэвхитэй үйл явц өрнөх хэсэг бол эхний хэсэг. Энэхүү хэсгийн өнгө банк онгойх цаг ойртох тутам хэдэнтээ өөрчлөгдөнө. Би ч энэ хооронд хаалганы бариуланд хоёр ч удаа гар хүргээд, буцаж шахагдан гарч амжив. Эхэн үед голдуу эрэгтэйчүүд байсан бол банкны төмөр хаалга онгойх үед урд эгнээнд бүсгүйчүүд нэмэгдэн оров. Жирэмсэн зоригтнууд ч харагдана. “Аав нааш ир, эхнээр оочертоо ор”,”Энэ хүн оочерт байсан юм”, “больёо” гэх үгс хаа саагүй нисэлдэнэ. Гэр хорооллын худаг дээрх “танилтайгаа таарахгүй бол ус авахгүй” гэх дүрэм энд үйлчилж гудамжны найзууд, танилын халуухан нүүрнүүд урдуур уулзалдана.
УРД ЭГНЭЭ ЭМЭЭТЭЙ БОЛОВ
Дунд эгнээнийхний урагшлах боломж бол эхний эгнээнийхнийг үймүүлж, оочер алдагдуулах байв. Ингэснээр тэд хаалганд ойртох юм. “За одоо нэг бужигнахаар нь орцгооно шүү” хэмээн дайралтад бэлтгэх залуус цагаа хүлээж зогсоцгооно. Тэр цаг болохоор “давхар оочерлосон хүмүүсийг шахаж гаргая” гээд л дайрна. Эдгээр залуусын хажуугаар нэгэн ягаан дээлтэй эмгэн халуун савтай цай барин “цай уух уу, хүүхдүүд минь, энэ хүйтэнд хонож өнжиж зогссон юм чинь даарч хөрөө байлгүй дээ. Иш зайлуул миний хүүхдүүдээс ялгаа юу байх вэ” цай аягална. Өнөө хэд ч эмээгийн цайг амтархан ууж, хэсэг зуур зугаатай яриа өрнүүлнэ. Цай дууслаа. Эмээ харин явсангүй. “За хүүхдүүд минь намайг өргөөрэй. Эртхэн мөнгөө авчихаад эмээ нь харихгүй бол ач нар хүлээж байгаа” гэсээр эхний эгнээнд ороод явчихав. Цайг нь уучихаад хөөгөөд явуулж чадахгүй “монгол сэтгэлгээ” маань эрхбиш байгаа тул ийнхүү урд талын эгнээ эмээтэй болов.
ӨНӨӨДӨР ЖААХАН СЭРҮҮН БАЙСАНСАН БОЛ…..
“Хөгжлийн төлөөх цуваа”-ны ачаар хэсэг хүмүүсийн ч болтугай орлого нэмэгдэж байгаа аж. Хорооны хувилагч машин ажиллуулдаг залуугийн орлого гэнэт өссөн гэнэ. Мөнгөө бөөнд нь авахын тулд хүний хөгжил сангийн дэвтэр, өөр хүний мөнгийг авах бол тухайн хүний итгэмжлэл, иргэний үнэмлэх болоод хуулбар нь байх ёстой аж. /Гэхдээ энэ хуулбарыг дотор ороход хэн ч нэг нүдээрээ харсангүй/. Мөн банкны гаднах саравчинд хуушуур зарж буй эмээ ч хөөрхөн мөнгө олж буй бололтой. Гэхдээ хэрэглэгчид нь “зээлээр өгөхгүй биз, гарч ирээд мөнгийг нь өгчихнө” хэмээн эргүүлдэх нь олон гэнэ. Тэр эмгэний сүүтэй цайг 200 төгрөгөөр авах хүн ч олон бололтой. Эмгэн “өнөөдөр жаахан сэрүүхэн байсан бол өдийд хоёр халуун сав цайгаа зарчихгүй юу” гэж бусадтай хүүрнэх аж.
УХААН АЛДСАН Ч, УРАГШАА
Ажлын цаг эхлэв. Банкны ажилчдыг хаалгаар оруулахын тулд хамгаалагчид ч мөн иржээ. Яг л “холливудын кино”-нд гардаг шиг бөөгнөрсөн хүмүүс боломжоороо зай тавин өгч “од”-уудыг хаалгаар оруулав. Удалгүй ээлжит дайралт эхлэв. Хажуу талын түшлэг унасан тул “улаан цамцат” дахиад л уналаа. Түүний дээрээс тав зургаан хүн давхралдаж унацгаав. Тэд босоод хувцсаа ч гөвөх завдалгүй дахин өөдөө зүтгэнэ. Харин “улаан цамцатыг” хоёр хүн дамжлан хүрээнээс гаргах аж. “Хүн аллаа ш дээ та нар” гэж хашгирснаас өөрөөр түүнд тусалж буй хүн байсангүй. Хэсэг хугацааны дараа “улаан цамцат” дахиад л эхний эгнээ рүү зүтгэж байлаа.
УРАГШЛАХ ТУСМАА ҮНЭ ӨНДӨР
Уг нь эхнэр маань “ингэж зовж байхаар ганц шил юм өгөөд урдуурхан орчихооч” гэж хэлсэн л дээ. Үнэхээр “шагчид” энд багагүй байгаа бололтой. Банкны хаалганд ойртох тусмаа үнэ өснө. Үнийг 5000 төгрөг, нэг шил архи, хайрцаг тамхи гэх байдлаар дараалуулан тогтоожээ. Аз таарвал арван мянгыг ч атгачихаж болдог гэнэ. “Өдөржин шил, хуванцар түүж гадуур алхаж байснаас зогсож байгаад мөнгөтэй болсон нь арай дээр” гэж хоорондоо ярилцана.
АЖЛЫН ХАЖУУГААР АМЖУУЛАЛГҮЙ ЯАХ ВЭ?
Энд хэрүүл байнга, зодоон хааяа гардаг аж. Энэ мэт зүйлийг харж бас оролцож байж л оочерын урт цагийг “зугаатай” өнгөрөөнө. Хамарнаас бусад газраас багагүй цус гарсан үед л цагдаа ирдэг гэнэ. Банкны хамгаалагчийн хүзүүг хумсалж, улаан алаг болгосныхоо төлөө хижээл эмэгтэй саатуулагджээ. Үймээний үеэр нэг бүсгүй бичиг баримтаа хулгайд алдчихлаа хэмээн цагдааг эргүүлдэнэ. Цагдаагийн ажилтан асуудлыг хэсэг зохицуулж байснаа гэнэт харагдахаа болив. Гэтэл кассан дээр өнөөх маань дэвтрээ бариад зогсож байх нь тэр.
БАНКНЫ ХААЛГААР МӨЛХӨЖ ОРСОН НЬ
Нэг настайгаасаа хойш хэзээ ч ямар нэгэн хаалгаар мөлхөж орж байсангүй. Бусад хүмүүс ч адил байлгүй дээ. Гэтэл энэ удаад үнэхээр өвдгөө шороодон орохоос өөр арга байсангүй. Банкны хамгаалагч нар хэсэг хэсгээр нь хурдхан оруулж, хаалгаа дотроос нь түгжинэ. Хаалга онгойлгоод хаах хооронд хамгаалагчийн суган доогуур нь шургаж орох хэрэгтэй. Хаалга онгойж эхэнд орсон хэсэг буцаж гарах үед дайрах боломж олдсон нь энэ. Надтай зэрэгцэн орсон эмэгтэйн өрөөсөн гутал гадаа үлджээ. Бас нэг нь бичиг баримттай цүнхээ хаалганы цаана үлдээж. Гэхдээ энэ яах вэ, нэгэнт орсон хойно одоо яарах юмгүй мөнгөө авах л үлдлээ.