Уул уурхайнхаа “ууцыг хугалсан” сайд-2

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхаа “ууцыг хугалсан” сайд-2

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн гол “баатар” байв. Гэхдээ үүнд дургүйцэх шалтгаан нь мань хүн өөрийн хөдөлмөрөөр бус, өрөөлийн хөлс хүчээр хэвлэлийн баатар болох гэсэнд байгаа юм. Салбартаа тулгараад байгаа хүндрэл, түүнийг шийдэх арга замын талаар бодлоготой ганц үг хэлдэггүй сайд гуай өнгөрсөн долоо хоногт өдөр тутмын бүх сонинд мөнгө төлж мэндчилгээ дэвшүүлжээ. Учрыг лавлавал энэ жил Монгол Улсад геологийн алба үүсч хөгжсөний 74 жилийн ой тохиож буй юм байна. Уг нь сайд энэ ойн тухай ядахдаа оны эхнээс санасан бол уул уурхайн салбарын хөгжилд өнгөрсөн 10 сарын дотор бага ч гэсэн ахиц гарч болох л байсан.

Ер нь энэ төсвийн мөнгө гэхээр өөрийн юм шиг боддог төрийнхөнд “татварын мөнгө” гэдэг үг зааж өгмөөр байгаа юм. Энэ мөнгө татвараа төлж байгаа иргэдийн эрх ашгийн төлөө зарцуулагдах ёстой болохоос биш сардаа 200 мянган төгрөг татварт төлчихөөд сайдын зурагтай сонин худалдаж аваад бухимдаж суумааргүй байна шүү дээ.

Уг нь бол энэ хугацаанд Д.Ганхуяг сайдын хувьд энэ байтугай асуудлыг ярих хугацаа өнгөрсөн дөө. Ядахдаа л Засгийн газрын тэргүүн өмнөд хөршид айлчилж байгаа энэ цаг үеийг ашиглаад нүүрснийхээ экспортыг чөдөрлөж, валютын эх үүсвэрээ хумьсан бодлогын алдаагаа хэрхэн залруулах талаар ярьж байх учиртай. Гэтэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарыг хөгжүүлэхээр ямар шилдэг “ноу хау” нэвтрүүлсэн юм бэ? Өмнөд хөрш рүү 70 ам.доллараар борлуулдаг байсан түүхий нүүрсний үнийг 40 ам.доллар болтол унагасныг эс тооцвол…

Гэвч энэ бол төрийн өмчийн ганц компанид учруулсан хохирол. Түүний цаана “МCS”-ийн “Энержи Ресурс”, “жижиг Тавантолгой гээд” мань сайдын уул уурхайн салбарт явуулсан бодлогын алдаанаас болж өч төчнөөн тэрбумаар хохирчихсон хувийн компаниуд олон бий. Хэрвээ төрөөс хамааралгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан энэ компаниудад ядахдаа төмөр замаа барих зөвшөөрлийг нь өгчихсөн байсан бол өнөөдөр оросууд монголчуудын өмнөөс нүүрсээ нийлүүлээд явж байхгүй л байсан. Энэ бүхэн өнөөдрийг болтол эцэслэгдээгүй байгаа төмөр замын царигийн хэрүүлээс болсон гэдгийг Д.Ганхуяг сайд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Нэг ёсондоо оросууд бидэнд төмөр зам, геополитикийн тухай үлгэр зохиож өгөөд, оронд нь өөрсдөө нүүрсээ нийлүүлээд эхэлчихсэн. Үүнд нь манай төрийнхөн, зарим нэг сайд нарын оролцоо бий гэдгийг ч бэлээхэн мэдэж байгаа.

Тиймээс Д.Ганхуяг сайдын өнөөдөр хийх ёстой ажил нь өөрийнхөө зургийг хэвлүүлэх гэж /сануулахад, сонгууль дууссан. Одоо ажлаа хийх үе/ хэвлэл рүү мөнгө барьж гүйхийн оронд /ядахдаа тэр мөнгө нь бидний халааснаас гарч байгаа шүү дээ. Энэ хүн “Бридж” группийг удирдаж байхдаа ийм цамаан байсан уу гэдгийг уншигч та ч гэсэн нэг санаад үзээрэй/ салбарынх нь бодлогыг самарсан Зам тээврийн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нартайгаа байлдаж суух ёстой биз дээ. Хэрвээ ингэсэн бол хэвлэлийнхэн мөнгө төлсөн, төлөөгүй түүний талд дуугарах байлаа. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг гэдэг үнэн. Гэхдээ хэний мөнгөөр хэнд зориулж хөгжимдөөд байна вэ гэдэг ч бас их утга учиртай шүү, сайд нар аа. 

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж