Мөн 2014 оны төсвийн тодотголын ажлын хэсгийн анхны дүгнэлт, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийх айлчлалын зорилгын талаар мэдээллүүдийг сонссон байна. Мөн энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтын талаар намын бүлгүүд нэгдсэн ойлголттой болох шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна. Энэ тогтоолын төсөл дээр намын бүлэг, улстөржихгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг ажлын хэсэгт өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш БНХАУ-ыг зорино. Түүний хувьд Хятадад хийж буй албан ёсны айлчлал учраас олон баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөснөө АН-ын бүлэгт танилцуулсан байна. БНХАУ-д хийх айлчлалын хүрээнд нэг том бичиг дээр гарын үсэг зурна. Хоёр орны стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны түншлэл юм. Энэ хөтөлбөр бол хоёр улсын хооронд бүх салбарт ямар чиглэлээр түлхүү ажиллах вэ гэдгээ тодорхойлсон томоохон баримт бичиг болж байгаа аж. Энэ бол хоёр улсын харилцааны хувьд нэг дэвшилд хүрч байгаа бичиг баримт болж байгаа юм. Хятадын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийхээс гадна олон баримт бичигт гарын үсэг зурах юм байна. АН-ын зүгээс БНХАУ-тай шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах, нүүрс боловсруулалтын чиглэлд хамтран ажиллах саналаа Ерөнхий сайд илэрхийлжээ. Мөн айлчлалыг хүрээнд транзит тээврийн чиглэлээр ажиллах боломж, хэлэлцэх нь зүйтэй гэдгийг ч мөн дурьдсан байна.
2014 оны төсвийн ажлын хэсгээс хэд хэдэн дүгнэлт гаргаснаа бүлгийн гишүүдэд танилцуулсан байна. Тухайлбал, 2014 оны төсвийг анх удаагаа царцаасан. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд төр данхайсан төсөвтэй, ард түмний мөнгөөр их зардал гаргадаг байсан. Үүнийг анх удаа царцааж, төрийн зардлыг багасгах ёстой гэдэг дүгнэлтийг АН-ын гишүүд ч мөн дэмжсэн байна. Гэвч төрийн зардал дээр энэ жил 27 тэрбум төгрөгийн урсгал зардал тусгасныг хасахын тулд эргэж харах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн байна. Сандал, ширээ, компьютер гэх мэтийн зардлыг эргэж харах нь зүйтэй гэдэг дээр АН-ын бүлэг нэгдсэн байна. 2014 оны төсвөөс гадуурхи хөрөнгө оруулалтын ямар ажил хийх жагсаалтыг гаргахыг АН-ын бүлгийн зүгээс ажлын хэсэгт чиглэл өгчээ. Ажлын хэсгийн гаргасан дараагийн нэг дүгнэлт нь 2014 оны төсвийн төслийг бэлтгэхдээ валютын ханшийг 1483 төгрөгөөр тооцсон нь хэр бодит тоо болохыг нягтлахаар болжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өрийн хэлбэлзлийг нэгдсэн дүгнэлтэд хүргэх шаардлагатай гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж мөрдөх ёстой ч тооны зөрүүг арилгах, сайтар судлах шаардлагатай гэж үзжээ. Мөн энэ зөрүүтэй тоог нэгдсэн байр суурьт хүргэсний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.