Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг товчхон бөгөөд тодорхой дүгнэв. Олон нийтийн цахим сүлжээ ашиглан тэрбээр “Хүмүүс ээ, надад хэлэхгүй дуугүй өнгөрч болохгүй нэгэн сэрэмжлүүлэг байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан ардчилсан нийгмийн төлөө, нийтийн эрх ашгийн төлөө, шударга ёсны төлөө, эх орны төлөө сэтгэлгүй нэгэн гэдгийг олон үйлдлээр нь таньж мэдсэнээ хэлэх гэсэн юм. Тэр нэр төр, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө улайран зүтгэгч, сүржин жүжигчин, амин хувиа борлуулагч залуу. Уг нь чин сэтгэлээсээ олон нийтийнхээ төлөө зүтгэдэг нэгэн байсан бол аштай байх уу. Харамсалтай нь тэр дүр эсгэж, гар биеэрээ хүнд хэцүү, хар бор ажил хийж үүрэлцэхээс татгалздаг цагаан захтнуудын нэг нь гэж өөрийгөө өндөрт тавьдаг нөхөр дөө. Ялангуяа мөнгөний үнэр авсан бол юуг ч хийж мэдэх хүн дээ” гэж Ж.Батзанданг дүгнэжээ. Нэгэн цагт гудамжны “цагаан хоолой” болж хамтран зүтгэж явсан нөхрийгөө ингэж үнэлсэн Г.Баасанд гомдох нэгэн байхад, талархах хүмүүс ч байна. Тэр хоёр бие биеэ хэн хүнээс илүү мэднэ. Хамтран тэмцэж, жагсаж цуглаж явсан журмын нөхдийн нэг нь Төрийн ордон дотор тухалж, нөгөө нь гадна үлдсэн. Г.Баасан бол Монголдоо танигдсан тэмцэгч эмэгтэй. Тэрбээр зөвийг зөвтгөж, бурууг буруутгаж чаддаг нэгэн. Ардчилсан намын нэг эд эс мөн атлаа намаа муулж, намынхнаа үзэн ядаж, УИХ-д “ганцаардаад” буй “эртний анд”-даа тэрбээр хатуухан үг дайлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөр зэрэгцэн “тулалдаж” явсан эмэгтэйнхээ дургүйг яагаад хүргэж орхисон юм бол оо.
Б.ОЮУНГЭРЭЛ
"Улс төрийн тойм" сонин