
9905… дугаарт холбогдоход Баянбүрдийн тойргийн орчимд байрладаг, тоосгоор барьсан граж түрээслүүлэх гэнэ. Хоногийн түрээс 10 мянган төгрөг. Урт хугацаанд жил, сараар түрээслэж машинаа тавих бол үнэ ханш дээрээ тохирч болно гэсэн хариу өлөө.
9111… Модны хоёрт байрлах хоёр автомашины багтаамж бүхий уг гражийг өдрийн 6000 төгрөг буюу нэг сарын 180,000 төгрөгөөр түрээслэх ажээ. Халаалтгүй гагцхүү халхавч нөмөртэй гэдэг утгаар нь ийн хямд түрээслэж байгаа гэдгээ тодотгож байв.
Энэ бол интернэт орчинд хаа сайгүй байх заруудын ердөө л нэг хэсэг. Нийслэлийн хэмжээнд 370 гаруй мянган автомашин байдаг гэсэн судалгаа бий. Хүйтний эрч чангарахын хэрээр автомашин эзэмшигчдийн толгойны өвчин болдог нэг зүйл бол яах аргагүй дулаан граж. Гадаа тавьж хоносон машинаа хөлдөөчихөөд гэсгээх гэж өрдсөн галдаа машинаа шатаасан тохиолдол олон бий. Сүүлийн үед баригдсан цөөн хэдхэн орон сууцыг эс тооцвол машины граж бүхий орон сууц манай улсад бараг байхгүй. Тиймдээ ч жолооч нар өвлийг бараг л үзэн яддаг. Ялангуяа хүүхнүүдийн хувьд өвөл машинаа “маллах”-аас төвөгшөөн худалдаж орхих нь ч бий. Намрын халуун өдрүүд шувуудтай хамт буцаж, шөнөдөө хасах хэмтэй хонох болжээ. Яг энэ үеэс л дулаан гражны үнэ ханш тэнгэрт хадаж, дулаан граж түрээслэгчдэд хөлжиж баяжих боломж олгодог.
Дулаан гражийн хоногийн төлбөр нь тухайн машин, гражийн байрлал зэргээсээ шалтгаалаад хамгийн багадаа 6000 төгрөг. Байрлал сайтай, халаалттай граж бол хоногийн 15 мянга хүрэх нь ч бий. 20 машины багтаамж бүхий дулаан граж нэг өдөрт 120-150 мянган төгрөгийн ашигтай ажиллана. Мэдээж хүйтний эрч чангарах тусам түрээсийн үнэ улам л нэмэгдэнэ. Сардаа зургаан сая төгрөгийн ашигтай ажилладаг түрээслэгч ч бий гэнэ. Тэд урин дулааны цагт гражаа машин угаалга болгон ашиглах нь элбэг.
Сурвалжлага хийх зуурт оршин суугчдынхаа автомашины гражийг эвтэйхэн шийдсэн газар таарсан нь Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо буюу тавдугаар сургуулийн ард байрлах 65 дугаар байр. Тус байрны доор байрлах граж бол зөвхөн тухайн орон сууцанд амьдардаг иргэдийн машиныг байрлуулах зориулалттай. Тэд сар тутам байрныхаа мөнгөн дээр тодорхой хэмжээний мөнгийг нэмж, Орон сууц нийтийн аж ахуйн компанидаа тушаадаг байна.
Харин машины гражгүй орон сууц, гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд асуудал эсрэгээрээ. Тэдний олонх нь дулаан гражийн үнэ ханшийг дийлэхгүйгээс дулаан хучлагыг сонгодог. Автомашины дулаан хучлаганы үнэ ханш машины марк, материалын чанараасаа шалтгаалаад янз янз байдаг байна. Жишээ нь Vits маягийн жижиг тэрэг болон Mark2 мэтийн арай том оврын машинуудад зориулсан гурван давхар материал бүхий дулаан хучлага 110-130 мянгын үнэтэй бол дунд гарын жийпний хучлага 150-180 мянгаар худалдаалдаг аж.
Хүйтэнд хүчилж асаасан машины хөдөлгүүр 200-300 км явсантай адил хэмжээнд элэгддэг гэж хашир жолооч хуучилж байна. Мөн шатахуун зарцуулалт дор хаяж 20 хувь нэмэгдэхийн дээр иймэрхүү байдлаар 2-3 жил болоход л тухайн автомашинд ямар нэгэн доголдол гарч эхэлдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм.
Автомашины дулаан граж зарна гэсэн зарын дагуу ярьж сонирхож үзлээ. “Саппора” худалдааны төвийн ард байрлах байрны хагас подвалийн 25 машины багтаамжтай гражийг 195 сая төгрөгөөр зарах аж. Зарах гэж буй хүний ярьснаар бол тухайн граж дотроо халуун, хүйтэн устай, ариун цэврийн болон харуулын өрөөтэй учраас ийм үнэтэй байгаа юм байна. Гэтэл Баянгол дүүргийн зургадугаар бичил хороололд байрлах 100-130 машин багтдаг, 720 метр квадрат талбайтай гражийг 1,8 тэрбум төгрөгөөр зарна гэж зар өгчээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ хоёр зарын дагуу ярихад граж зарах гэж буй хүмүүс “Дулаан гражийг худалдаж авсан хүн богино хугацаанд мөнгөө эргүүлэн олж авч чадна” гэдгийг тайлбарлаж байлаа. Аргагүй л дулаан гражийн эрин эхэлж байна. Залуус хурааж сарын цалингаа хурааж хуримтлуулаад орон сууц худалдан авч чадахгүй ч автомашины урьдчилгааг бол хэдхэн сар мөнгөө хураагаад олчихдог. Тиймээс орон гэргүй хэрнээ машинтнууд захаас аван зөндөө байна. Эрэлт байгаа цагт нийлүүлэгчид хошуурах нь зах зээлийн хууль. Тиймээс автомашин гэдэг хүний анхдагч хэрэглээ болсон өнөө үед шинээр барьж буй байшин, орон сууцыг автомашины гражаа шийдээгүй тохиолдолд улсын комисс нь хүлээн авдаггүй байхаар журамлавал ямар вэ. Машин унасан хүний л асуудал гээд орхиж боломгүй.
