Мөнгөний бодлого УИХ-ын босго давлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлого УИХ-ын босго давлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 89.8 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Төв банкнаас өргөн барьсан энэхүү төсөлд ирэх оны төгсгөлд инфляцийг найман хувь руу оруулах зорилт тавьсны зэрэгцээ энэ онд хэрэгжүүлсэн зарим барааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийг үргэлжлэхээр тусгаад байна. Тухайлбал, энэ онд нефтийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжсэнээр жижиглэнгийн үнэ нь тогтвортой байсны зэрэгцээ нөөц хангалттай бүрджээ. Тодруулж хэлбэл, 2011-2012 онуудад нефтийн үнэ 190, 310 төгрөгөөр тус тус огцом өсч байсан “үзэгдэл” энэ онд гараагүй. Тиймээс 2014 онд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эцсийн дүндээ бүхий л бараа бүтээгдэхүүний суурь үнэ болж ирсэн нефтийн үнийн үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалах бололцоо бүрдэх юм байна.

Инфляцийг өдөөгч хоёрдогч хүчин зүйл нь махны үнийн өсөлт аж. Нийлүүлэлт талд “шок” үүсдэгээс жил бүрийн хаварт махны үнэ тэнгэрт хаддаг. Тэгвэл махны үнийг тогтворжуулахын тулд 87 тэрбум төгрөгийн зээлийг “Жаст агро” компанид олгосноор 11 мянган тонн мах бэлтгүүлж нийслэлийн хэрэгцээнд нийлүүлжээ. Үүний дүнд махны үнийн өсөлтийн хурд 3 жилийн дунджаас 2.1 дахин багассан. Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд мөн үнийн өсөлт саарсан тул “Үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь иргэдийн бодит амьдралын чанарыг хамгаалах арга хэмжээ болно гэж үзээд байна.

Мөн Мөнгөний бодлогод жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо зөв утгаараа бүрэн утгаараа суусан болохыг төв банкны ерөнхийлөгч онцолж буй.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Ипотекийн зээл хэрэгжихээс өмнө өндөр хүүтэй орон сууцны зээл авсан иргэдийн зээлийг хөнгөлснөөр бодит орлогыг асар ихээр нэмэгдүүлж өгсөн. Одоо энэ хөрөнгө оруулалтыг залах гол чиглэл нь төсөв, мөнгөний бодлого. Тиймээс өнгөрсөн хугацаанд болзошгүй хямралаас сэргийлэхэд УИХ-аас баталсан гадаадын зах зээлээс босгох 5 тэрбум ам.долларын эрх буюу үүнээс хэрэгжүүлсэн 1.5 тэрбум ам.долларын бондын асуудал, дээр нь Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол хямралыг тодорхой хэмжээгээр саармагжуулж чадсанаар өнөөдөр бид төсвийн тодотгол, төсөв ярьж байна. Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр бол үндсэндээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн, импортын хямралаас аль болох гарахад чиглэсэн, цаашдаа валютын эрэлт хэрэгцээг бууруулахад чиглэсэн зөв зүйтэй бодлого болсон. Хуучин УИХ-аас арилжааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гээд ажлын хэсэг хүртэл байгуулж байсан. Монгол банкинд 300-аас 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж үйлдвэрлэлийг дэмж гэсэн үүрэг өгсөн мөнгөний бодлого баталж байсан. Тэгвэл өнөөдөр эсрэгээрээ энэ бодлого тодорхой хэмжээнд хэрэгжээд Засгийн газар нэг төгрөгний зээл аваагүй, харин арилжааны банкаар нь дамжуулаад эрсдэлийг нь арилжааны банк үүрсэн дэмжлэгээр үндэсний үйлдвэрлэлээ сэргээж хямралыг амжилттай даван туулах том нөхцөлийг тавьсан гэж ойлгож байгаа. Өнөөдөр инфляцийг бууруулахын тулд хамгийн гол инфляцийг өдөөгч болсон гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр анхаарал тавьж байна. Энэ өсөлтийг бүгдийг нь бариад дарчих нөхцөл байхгүй. Харин ямар нэг хэмжээнд тогтворжуулж, саармагжуулж байж цаашид энэ бодлого нөлөөлнө” хэмээн дээрх бодлогыг тодорхойлсон юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монгол Улсын валютын нөөцийг ямар эх үүсвэрээс бүрдүүлж байна вэ гэдэгт хариулт өгөхийг хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төгрөгийн ханшийн сулрал, гадаад валютын огцом өсөлтөөс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа талаар лавлав.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын хариултаар бол “Одоогоор валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар аж. Энэ нь 5-6 сарын нөөцтэй гэсэн үг аж. Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх буюу экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Мөн гадаадын зээл байж болох юм байна. Гэхдээ энэ бол хамгийн сүүлчийн сонголт байх ёстой гэнэ. Дээр нь дотоодод төгрөгөөр алт худалдаж авах процессыг нэмэгдүүлэх ёстой юм байна. Харин богино хугацааны хувьд уул уурхайн салбар ойрын хэдэн жилдээ монголын эдийн засагт нөлөөтэй хэвээр байх нь ойлгомжтой учраас уул уурхай дээр валютын орлогоо нэмэгдүүлэх, уул уурхайн экспортоо нэмэгдүүлэх, уул уурхай руу орж байгаа гадаадын хөрөнгө оруулалт дээр байгаа алдаа, гацааг арилгах, дээрээс нь гадаад нөхцөл байдал дээр ч гэсэн эерэг боломжуудыг хайж хэрэгжүүлэх нь өнөөдрийн валютын нөөц, улмаар валютын нөөцөөрөө дамжаад нийт эдийн засагт нийлүүлэгдэх төгрөгийн эх үүсвэр, түүний өртөг, хугацаанд эерэгээр нөлөө үзүүлнэ гэж төв банкны ерөнхийлөгч онцолсон юм.

Ийнхүү Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч дууссанаар саналаа хэлж, төслийг холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Танилцуулгатай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр тогтоолын төсөл 85,5 хувийн саналаар батлагдлаа.

Мөн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болж чуулганы хуралдаан хаалттай горимд шилжиж, улмаар асуудлыг шийдвэрлэснээр энэ өдрийн чуулганы хуралдаан өндөрлөсөн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж