Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж дуусган хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бүх байнгын хороонд шилжүүллээ. Дээрх хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээс өмнө УИХ-ын гишүүд саналаа хэлсэн юм. Энэ үед УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлгийнхэнд хандан “Эвсэж нэгдсэний чинь гай энэ, гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг та нарын тарьсан үр энэ. Одоо болохоор бие биенээ элдвээр хэлээд яадаг юм. Үүний оронд ард түмний амьдралыг ярь. Ард түмэн өнөөдөр хоолтой, орлоготой байхыг хүсэж байна. Ажил хөдөлмөртэй байхыг хүсэж байна.  Үүнийг хийгээд өгөөч дээ.

Гэр хороололд зарим өрх МҮОНТ-ээс өөр суваг үзэж чадахгүй байна, хоолны махаа авч дийлэхгүй иргэд байна.  Цэцэрлэг, сургууль ачааллаа даах чадваргүй болчихоод байна. Нэг ширээн дээр гурвуулаа суугаад, гурван ээлжээр хичээллэж байна. Цэцэрлэг, сургууль барих төсвийг нь хангалттай тавьж өгье л дөө. Өнгөрсөн хугацаанд шинээр хэдэн эмнэлэг баригдсан юм бэ, барьсан эмнэлгийг оффис хийх гээд булаагаад авчихаж байгаа биз дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын чуулганаар одоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж