Гишүүдийн цалинг нэмэгдүүлье

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Гишүүдийн цалинг нэмэгдүүлье

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Су.Батболд “Гишүүдийн цалинг нэмэгдүүлье. Цалингаараа амьдардаг гишүүдийн хувьд сая төгрөг хаанаа ч хүрэхцэхгүй” гэдэг санаачилга гаргасан нь олон нийтийн зүгээс “шог гараа”-ны хэмжээнд үнэлэгдэх болов. Уг нь бол бодох ёстой л зүйл. Даанч саначилга гаргасан этгээд өөрөө Монголын хамгийн олон адуутай алдарт уяач байж таарсан нь зөв зүйтэй саналыг ч гэсэн бодит байдлаас хол аваачаад хаячихсан хэрэг.

Цалин нэмэх ёсгүй гэх үндэслэлээ олонхи нь “тэртэй тэргүй өөрсдөө том бизнестэй, ар талтай хүмүүс. Сая төгрөгийн цалингаар юугаа хийдэг юм. Ар тал байхгүй, амьдралаа авч явж чадахгүй бол улс төрд орж ирээд яадаг юм” гэж тайлбарлаж байгаа. Гэвч Монголын төр гэдэг хэн нэг баян цатгалан хүмүүсийн цаг нөхцөөх үүднээс орж ирээд хандивийн үйл ажиллагаа явуулдаг талбар биш. Ямар ч ажил, албан тушаалд хэр хэмжээндээ тохирсон үнэ цэнэтэй, хийх ажил, хүлээх хариуцлагад нь тохирсон цалин, урамшуулалтай байх ёстой. Энэ утгаараа сая төгрөгийн цалингаа үл тоож, цалингийнхаа картыг туслахдаа шидэж өгчихөөд явж байдаг гишүүдэд бол “та ажилдаа шударгаар хандсангүй” гэж хэлэх үндэслэл байхгүй болж байгаа юм. Гэтэл маш олон гишүүд / хувьдаа жаахан хөрөнгөтэй хэсэг нь/ туслах, зөвлөх, тэр ч байтугай жолоочийнхоо цалинг өөрийнхөө халааснаас өгөөд явж байгаа. Яагаад гэвэл төсвийн 500 мянган төгрөгийн цалингаар тэднийг тэр хэмжээний ажилд барьж тогтоох аргагүй учраас. Энэ тохиолдолд Монголын төр, хууль тогтоох засаглал маань өөрөө баян айлын халаасны өрөөнд толгой хоргодсон гуйлгачингаас ялгаа юун. Үүнээс болоод мөнгөтэй, хөрөнгөтэй болгон нь төрөөс гарч байгаа бодлого, шийдвэрт нөлөөгөө тогтоох гэж улайрч, мөнгө бэл муутай хэсэг нь тэднийхээ захиалсан “дууг нь дуулаад” явж байдаг нь нууц биш.
Төрийн алба чадваргүй байна гээд байгаагийн цаад шалтгаан ч бас төсвийн цалин хөлстэй холбоотой. Ядахдаа амжилттай явж байгаа компанийн ахлах менежерийн цалингаас /хамгийн багадаа л хоёр сая 500 мянга байгаа болов уу/ бага цалинтай УИХ-ын гишүүн байна гэдэг цаагуураа Монголын төрийн үнэлэмжийг ч гэсэн унагаж байгаа хэрэг. Манай нэг сэтгүүлч УИХ-ын тамгын газрын ажилтантай муудалцаад “Авдаг цалинтайгаа адилхан царайтай төрийн албан хаагч…” гэж дээрэлхсэн юм гэдэг. Хатуу боловч үнэний ортой л хэлсэн хэрэг.

Гэвч сая төгрөгийн цалинг задгай мөнгө шиг үздэг гишүүд маань сая Татварын шинэ хуулийн төслийг боловсруулахдаа 800 мянган төгрөгийн цалинг өндөр цалинд тооцож, татварын хувь хэмжээг нь нэмэгдүүлэхээр болсон гэж сонсоод мэл гайхав. Дахиад асууя, энэ “өндөр” цалин мөн үү? Ийм орлогоор Монголд ямархуу амьдрах вэ?
Эхлээд энэ асуултад хариулах хэрэгтэй. Магадгүй, төрийн албаны цалин угаасаа доогуур байгаа учраас түүндээ хөтлөгдөөд, өндөр юм шиг сэтгээд яваад байж ч мэдэх юм. Яах аргагүй цалингаа гар дээрээ барьж, үрж үзээгүй хүний амнаас л гарах үг. Гэтэл гайгүй шиг яваа хувийн хэвшлийнхэн, банкныхан ямар цалин авч байгаа билээ. Монголд амьдралын өртөг яаж өссөн бэ? Наад зах нь сая шүүгчийг эдийн засгийн хувьд бусдаас хараат бус байлгахын тулд цалинг нь таван сая болгосныг эрхэм түшээд мэдсэн болов уу.

Тиймээс УИХ-ын гишүүдийн цалинг нэмэгдүүлэх нь нэг талаас зүй ёсны асуудал. Шүүгч нарын хэмжээнд биш юмаа гэхэд ядахдаа хувийн компанийн ахлах менежерийн хэмжээнд аваачих хэрэгтэй л дээ. Тэгж байж бид тэднийг “урдах ажлаа хийгээч ээ” гэж шаардах нөхцөл бүрдэнэ. Зүгээр “хобби”-гоороо энд орж ирээд, мөнгөө төлөөд цагаа нөхцөөж байгаа нөхдөөс бол юу хүлээх юм бэ. Тийм биз дээ.

Манайхны талаар бүр олон жилийн өмнөөс яригдаж ирсэн нэг “онигоо” байдаг даа. Нэг гадаад нөхөр ирээд манайд ирээд дарга нараас асууж гэнэ.

-Монголчуудын дундаж цалин хэд вэ?

-300 мянга.

-Тэгвэл зарлага нь?

-600 мянга.

-Тэгвэл үлдсэн 300 мянгаа танайхан хаанаас олдог юм бэ?

-Тэр нь бидэнд падгүй… гэж.

Одоо бол энэ онигоо УИХ-ын гишүүдэд илүү хамааралтай болчихоод байна. 

Гэвч нөгөө талаас УИХ-ын гишүүд өөрсдөө өөрсдийнхөө цалинг нэмэгдүүлэх талаар ярьж эхлэх нь угаасаа ёс суртахууны хувьд жаахан тохиромжгүй /наад зах нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа хүмүүст бол хүн чанаргүй л харагдана шүү дээ/ гэдгээс гадна олон нийтэд тийм их сайн сайхан харагдахгүй. Төрийн албан хаагчид ямар цалин авах вэ, хэдийг нь татварт өгөх вэ гэдгийг УИХ-ын гишүүд шийддэг боловч өөрсдийнхөө цалинг өөрсдөө хэлэлцээд суух нь жаахан тиймхэн. Тиймээс зүй нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгаа УИХ нь дараагийн УИХ-ын гишүүд ямар цалин, хангамж эдлэх ёстой вэ гэдгийг шийдээд өгчихдөг, тэр нь дараа дараагийн нөхцөл байдалд /инфляцийн өсөлт ч юм уу, эдийн засгийн хямрал гэх мэтчилэн/ яаж өөрчлөгдөх вэ, өсөх уу, унах уу гэдгийг программчилчихдаг байвал илүү тохиромжтой юм шиг. Тэгвэл ядахдаа “өөрсдийнхөө цалин хангамжийг өөрийн дураар нэмэгдүүллээ” гэдэг буруутгал гарахгүй шүү дээ.

УИХ-ын гишүүний цалин хангамжийг төрийн өндөр албан хаагчийн ангилалд хамруулж, төрийн албан хаагчийн цалингаас арай өөрөөр тооцдог. Гэвч миний мэдэхийн л одоогийн УИХ-ын гишүүдийн цалинг өмнөх УИХ-ын эхэнд өөрчилсөн санагдаж байна, 2009-2010 оны үед. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ч юм уу, төрийн өндөр албан тушаалтны гэж тусгайлан өөрчлөлт оруулаагүй. Тухайн үед төрийн албаны цалинг 50 хувиар нэмэгдүүлэхэд төрийн өндөр албан тушаалтны цалин ч бас тэр хэмжээгээр нэмэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 4-5 жилийн дотор гишүүдийн цалинд өөрчлөлт ороогүй.

Эсвэл тэд ч гэсэн илүүдэл зарлагаа хаанаас санхүүжүүлдэг нь бидэнд ч гэсэн падгүй юу?!

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж