Чуулганы хуралдаан ширүүн уур амьсгалд өрнөв

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан ширүүн уур амьсгалд өрнөв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн ч хараахан хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж чадалгүй завсарлалаа. Чуулганыг завсарлуулахад Ерөнхий сайд хуралдаанд оролцохгүй гарч явлаа гэх шүүмжлэл нөлөөлөх шиг боллоо. Гэхдээ УИХ-ын даргын тайлбарласнаар бол Ерөнхий сайд санаатай УИХ-ын чуулганыг орхиогүй, ажлын шаардлага гарсан тул 10 гаруй минутын чөлөө хүссэн юм байна.

Ийм тайлбарыг УИХ-ын дарга хэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс “Ерөнхий сайдыг байлцуулж, 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Тэр тусмаа Ерөнхий сайд 2013 оны төсвийг авлигажсан төсөв хэмээн тодорхойлсон. Мөн хариуцлага алдсан 1-2 сайд бий тухай мэдэгдлээ. Тийм учраас Ерөнхий сайд, сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой. Хэрэв асуудлыг оруулж ирэхгүй бол УИХ Ерөнхий сайдтай хариуцлага тооцох ёстой. Ийм байдлаар явбал улс орон дампуурах болж байна” гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр авлигажсан төсвийг бид нухна, шүүсийг шахна. Ингэхийн тулд хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооцох ёстой болж байна” гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Авлигажсан төсөв том асуудал боллоо. Ерөнхий сайд оруулж ирсэн төсвөө авлигажсан гэж ярихаар хүнд байдалд орж байна. Ерөнхий сайдын хэлснээр бол маргааш УИХ-ын чуулганд баахан компанийн нэр оруулж ирэх юм байна, тендэрт ялсан. Мөн Төрийн нарийнаас доошоо бүх албан тушаалтнууд УИХ-ын чуулганд оролцох нь. Үндсэндээ тэд бүгд авлигачид. Бүгдийг нь багтаах шорон байгаа юу. Ерөнхий сайд өөрөө хачин юм ярихаар хэлэлцүүлэг хийхэд хүндрэлтэй байна. Гэхдээ өнөө жил ажил яваагүйд өөр шалтгаан илүү нөлөөлсөн гэж бодож байна. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилахдаа намаар нь ялгаварладаг. Өөрийн намынхандаа тэргүүн ээлжинд, бусдыг оныг төсгөлд гэх маягаар. Тендэрт будилаан гаргадаг. Ер нь төсөв ярихдаа хариуцлага яръя, үнэхээр муу ажилласан сайд байгаа бол хариуцлагыг хамт тооцъё. Өнөөдөр УИХ дахь олонхийн бүлгээс гэгээ гарч байна, хариуцлага ярихгүй болохоор УИХ-ын гишүүдийн тэсвэр барагдаж байх шиг байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар, хариуцлага хүлээнэ гэлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хариуцлага хүлээе гэлээ. Гэхдээ хүлээх хариуцлага нь Засгийн газарт байгаа юм биш үү. Зарчимгүй ажиллаж байгаа учраас УИХ-ын гишүүдийн тэсвэр барагдаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн А.Тлейхан “Ажлын хэсэг гаргаж, 2013 оны төсвийн зардлыг хянах ёстой. Засгийн газар нь УИХ-ынхаа тоглой дээр гараад суучихсан, 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн. Сайдын өмнөөс УИХ-ын гишүүн огцорно гэж юу байх вэ, сайд нь огцрох ёстой. Засгийн газрын өнөөгийг бүтцийг авч үзэх ёстой.  Ажил хийдэггүй хэрнээ цалин аваад сууж байдаг сайдаар юу хийх юм. Ажлаа хийгээгүй сайдад хариуцлага ногдуулах тухай асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулж ирэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш үргэлжилж, өнөөдөр хэлэлцсэн асуудлаа үргэлжлүүлнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж