Чөлөөтийнхөн урилга, шагнал ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн урилга, шагнал ихтэй байна

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөсөн ч манай тамирчид болох Монголын чөлөөт бөхийн холбооныхон завгүй хэвээр. Тус холбооныхон шинэ генсекээрээ олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарыг томилсон. Үүнээс гадна тус холбооны ерөнхийлөгчийг Японы чөлөөт бөхийг холбоо шагнав. Тэгвэл манай тамирчддад Казахстаны чөлөөт бөхийн холбооноос урилга ирүүлжээ. Энэ сарын 24-нд Казахстаны Жамбул мужийн Тараз хотод болох тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн II дахь удаагийн олон улсын тэмцээн болох юм. Уг тэмцээний үеэр манай тамирчид Казахстаны эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна. Түрүүлсэн бөх 5000 мянган ам.долларын шагнал гардана. Тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, Б.Баянмөнх, Б.Хаш-Эрдэнэ, Б.Батмагнай, О.Үйтүмэн нар оролцох бол тэднийг гавьяат тамирчин Ц.Цогтбаяр дасгалжуулах юм.

Чөлөөтийнхөнд ирсэн хоёр дахь урилга Ардчилсан Солонгос улсынх юм. Цагтаа чөлөөт бөхөөр мандаж явсан тус улсын амжилт уналтад ороод байгаа. Тэгвэл туршлага солилцох шугамаар манай улсын залуу тамирчдыг хамтарсан бэлтгэлд урьжээ. Уг бэлтгэлийн дараа хоёр орны тамирчид нөхөрсөг халз барилдаан зохион байгуулах юм. Хамтарсан бэлтгэлд оролцох баг өчигдөр Пхеньян хотыг зорьжээ. Багийг бүрэлдэхүүнд дасгалжуулагч Ц.Баярсайханаар удирдуулсан эрэгтэй дөрөв, эмэгтэй таван тамирчин багтав. Энэхүү хамтарсан бэлтгэлийг манай улсын зүгээс их л олзуурхаж байгаа аж.

Үүнээс гадна дэлхийн аваргын гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаад ФИЛА-гаас урилга ирүүлсэн байна. Түүнд дэлхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн эсрэг барилдах санал тавьсан юм. Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн хувьд 67 кг-ын жинд барилдах бөгөөд бэлтгэлдээ оржээ.

Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж