Павел Ходорковский: Тэмцэл надаар дуусах бололтой

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Павел Ходорковский: Тэмцэл надаар дуусах бололтой

ПАВЕЛ ХОДОРКОВСКИЙ: ЭЦГИЙН МИНЬ ЭХЛҮҮЛСЭН ТЭМЦЭЛ НАДААР ДУУСАХ БОЛОЛТОЙ

ОХУ-ын олигархи Михайл Ходорковскийн хүү Павел өөрийн эцгийн эрүүл мэнд болон түүний талаар байдал, өнөөгийн ОХУ-ын авлига, нийгмийн буруу чиг хандлага болон хүний эрхийг зөрчсөөр байгаа талаар Эстони улсын нэгэн агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр өөрийн үзэл бодлоо эх орондоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй талаараа “www.news.err.ee” сайтад өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. 

-Сайн байна уу. Юуны өмнө манай агентлагт хандаж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж хүрэлцэн ирсэн танд талархаж байна. ОХУ-д хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яриа өгөх хэцүү байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Миний эцэг улсынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө шоронд өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Түүнийг баян цатгалан мэтээр хүмүүс ялгаварлан гадуурхах тохиолдол байсан. Одоо ч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Баян чинээлэг байлаа гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зорилгодоо үнэнч байж болдоггүй нийгэмд бид амьдарч байна. Тэр тусмаа ОХУ-д амьдрахад үнэхээр бэрх­шээлтэй болж эхэлж байна. Эцэг маань гэр бүлийнхээ төлөө тэр бүх хөрөнгийг цуглуулсан. Тэгээд эрх чөлөөт нийгэмд үзэл бод­лоо илэрхийлэх гэж зориглосон нь түүнийг харанхуй хүйтэн шоронд олон жил орууллаа. Энэ талаар уг нь дахиж яримааргүй байна. Гэхдээ хүн бүр түүнд юу тохиолдсоныг мэдэж байгаа. Ард түмэн харсан, үзсэн. Манай улсад мэдээллийн хэрэгслүүд хараа хяналттай, үзэл бодлын боогдмол байдалд бүрэн шилжиж дууслаа. Бодлогыг нь төр явуулж байна. Та манай улсын аливаа нэг суваг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг анзаараарай. Ихэвчлэн спорт, цаг үеийн мэдээ мэдээлэл, урлаг соёл, реклам цацна. Тө­рийн болон нийгмийн талаар буруутай шүүмжлэл дагуулсан нэг ч зүйл явуулахгүй. Энэ нь бидний эрх чөлөөг хязгаарлаж байгаа эхний жишээ.

-Та өөрчлөлтөөс эмээдэг үү?

-Ямар өөрчлөлтөөс.

-Нийгэм, эдийн засаг, улс төр. Ер нь ОХУ-ын эрх баригчдаас үл хамаарах өөрчлөлтөөс?

-Тийм ээ. Нэг талаараа би айдаг, эмээдэг. Би өнөөдөр тийм ч их эрх дархтай нөлөө бүхий хүн биш л дээ. Зүгээр л азтай аавын хүү. Эх орондоо хайртай, ард түмнийхээ төлөө ямар нэг зүйл хийх хүсэл эрмэлзлэлтэй залуу хүн. Амьд яваа насандаа нутаг нэгт ахан дүүсдээ ямар нэг сайн зүйл хийхийг л хүсэж байна. Гагцхүү эцгийн минь эхлүүлсэн тэмцэл надаар дуусах бололтой. Би шударга ёс, сайхан нийгэм чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг Орос орны төлөө бага ч гэлтгүй өөрийн хийж чадах зүйлээ л хийнэ.

Михайл Ходорковский


-Эдийн засгийн хувьд танд ямар ч бэрхшээл тулгарахгүй гэдэгт итгэлтэй байна. Харин эрхтэй ямбатай хүмүүсийн хү­сэл бодолд хязгаарлагда­хыг үгүйсгэхгүй. Та хууль хя­нал­тынхнаас эмээж байна уу?

-Бид одоо ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Төрийн талаар үзэл бодлоо илэрхийлж болохгүй. Мэдээллийн бүх хэ­рэгслүүд нь хаагдмал. Эрх ба­ригчид ард түмний тархийг угааж дууслаа. Гарцаагүй үнэн нь нийгмийн хангамж, цалин тэт­гэвэр дээшилж байгаа нь сайн хэрэг. Үүнийг дагаад өргөн хэ­рэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч бага, багаар өсөж байна. Энэ мэтчлэн олон зүйлийн талаар ярих юм бол үнэхээр дуусашгүй яриа. Хууль хяналтынхан бол төрийн төмөр нударгатнууд л гэсэн үг. Дээд албаныхан нь ямар тушаал өгнө, тэр нь хууль бус байсан ч тушаал бол тушаал. Олон үгтэй хүмүүсээ цэвэрлэчихдэг нэг тийм ганц хүний бодлого хүчээ авсан нийгэм.

-Аав чинь ямар байдалтай байна?

-Маш их ядарсан, турсан байдалтай л байна лээ. Манай шорон угаасаа ямар л олиг байв гэж. Яаж олон жил тэсэж давж гарах бол гэж бодохоос л сэтгэл эмзэглэх юм. Хааяа утсаар ярьдаг. Тэр “Павел хүү минь гэр бүлийнхэн нь бүгд сайн байгаа биз дээ” гээд хоолой нь зангиран ярьдаг. Аавын өмгөөлөгч удахгүй олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандана гэсэн. Хүний эрх зөрчигдөж байгаа л бол олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд тусалдаг шүү дээ. Гэхдээ их л түвэгтэй санагдах юм. Дэлхийд бараг юу хийхийг нь зааварлаж байгаа нөхдүүд хүний эрхийг хамгаалах байгууллагыг авч хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй. Гэвч боломж бололцоо юу байна бүгдийг нь судалж байгаа.

-Павел та Ерөнхийлөгч Вла­димир Путины талаар юу гэж боддог вэ?

-Би өөрийн юу гэж боддогоо л хэлье. Худлаа үнэн зүйл ярих угаасаа дургүй. Эхлээд түүний сайн чанараас нь эхэлж ярья. Ерөнхийлөгч шиг хүн ОХУ-д дутагдаж байсан нь гарцаагүй үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын нийгмийг хатуу чанга гараар барих нь зүйтэй. Гэхдээ ард түмний эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг В.Путин хангаж байх ёстой хүн. Үзэл бодлоо илэрхийлээд жагсаал цуг­лаан хийсэн залуусыг баривчлах, өөрийг нь эсэргүүцсэн хүн бол­гоныг айлган сүрдүүлэх шинжтэй бодлого явуулах нь таагүй байгаа юм. Олон улсад ч түүнийг хүндлэх хүмүүс ховор болж эхлэнэ гэдгийг уг нь өөрөө мэдэж байгаа байх. Нэг үеэ бодох юм бол ОХУ сайхан л хөгжиж байна. Энэ бол гарцаагүй Ерөнхийлөгчийн зөв бодлого.

-Гэвч ОХУ-д авлига хэвээр байгаа гэдэгт та санал нийлэх үү?

-Нийлнэ. Далд хэлбэрээр цэ­цэглэж байгааг ч сайн мэдэж байна. Үүнийг үндэс сууриар нь цэвэрлэх хэрэгтэй байгаа юм даа. ОХУ-д авлига байхгүй гэж би хэлэхгүй. Өгсөн авсныг нь нүдээрээ багагүй л харж байсан. Гэхдээ энэ бүхэн өнгөрсөн цагт. Харин үндэсний хэмжээнд үүнийг нэг л сайн цэвэрлэж, нийг­мийг эрүүлжүүлэх шаардлага­тай байгаа юм даа. Далд хэлбэ­рээр гэдэг нь шууд л мөнгө энэ тэр гээд ярихгүй, ямар нэг зүйл өгөхийг хүлээж, харилцаан дээр ихэвчлэн илэрхдэг. Би энэ талаар олон талын судалгаа хийж үзсэн. Тэгээд бүрэн гүйцэд цэвэршээгүй байна гэж дүгнэсэн.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж