via Амьдрах Ухаан, Амжилтын ХӨТӨЧ
Судалгаанаас
харахад насанд хүрсэн хүн амьдралынхаа сэрүүн байгаа цаг хугацааныхаа 75 хувийг
ажил болон ажилтай холбоотой зүйлд зарцуулдаг байна. Үүнээс харахад хүн
амьдралынхаа маш их цаг хугацааг ажилдаа зориулдаг ч харамсалтай нь олон хүмүүс ажлаа хүнд, хэцүү, зовлонтой, уйтгартай
амь зуухын тулд л хийж байгаа хүнд хөдөлмөр гэж үздэг. Тиймээс амьдралын амт
болон утга учир, баяр хөөрийг ажлаас гадуур хайдаг. Амьдралдаа сэтгэл ханамжтай
байж утга учиртай өнгөрүүлье гэвэл ажлаас гадуур утга учрыг олно гэсэн
бодлоосоо салах хэрэгтэй. Яагаад гэвэл ажлаасаа гадуур амьдралын үнэ цэнийг
хайна гэдэг бол амьдралынхаа дөрөвний нэгийг үнэ цэнэгүй өнгөрүүлнэ гэсэн үг
юм. Японд хүмүүс ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг амьдралынхаа үнэ цэнэ болгон
ажилладаг. Япончуудын хувьд ажлаас халагдана гэдэг бол амьдралынхаа нэгэн том
үнэ цэнийг алдахтай адил байдаг. Тиймээс энэ ард түмэн хөдөлмөрч хичээнгүй
ажилладгаараа алдартай байдаг ажээ. Иймд юуны түрүүнд хийж буй ажилдаа
дурлаарай. Учир нь дурласан хүн тэр зүйлийнхээ төлөө туйлын их зориулалтыг
гаргадаг бас түүнийхээ зөвхөн эерэг сайн талыг үргэлж хардаг. Судалгаанаас
харахад амжилт гаргасан хүмүүс бусдын хийж чадаагүй мөн хийх дургүй ажлыг хийх
зуршилтай байдаг байна. Мэдээж тэд ч бас хүнд хэцүү залхмаар тэр ажлыг хийх
дургүй. Гэвч тэдгээр хүмүүс зорилго ба ухамсар, бодлын хүчээр хийх дургүй ажлаа
хийх дуртай болгосон байдаг. Тиймээс та ажилдаа дурлаарай. Үргэлж анхны
хайраараа ажилдаа хандаж байхыг танд зөвлөж байна.
Багш Н. Энхзаяа 2013-10-11