
Лаос улсын өмнөд хэсэгт төрийн өмчийн “Lao Airlines” компанийн зорчигч тээврийн онгоц өчигдөр Меконг мөрөн рүү унаж, осолдсоны улмаас 49 хүн амь үрэгдсэн байна. Хохирогчдын тав нь нисэх онгоцны багийн гишүүд байсан бол үлдсэн нь зорчигчид аж. Түүнчлэн амь үрэгдэгсдийн дунд Тайландын тав, Өмнөд Солонгосын хоёр, Австрали, Канад, Хятад, Малайз, АНУ, Вьетнам зэрэг орны иргэд байгаа гэнэ. Одоогоор онгоцны ослоос хүн амьд гарсан талаар мэдээлэл байхгүй байна. Албаныхны мэдээлснээр Лаосын нийслэл Вьентьян хотоос хөөрсөн “QV301”-р нислэг Паксе хотын нисэх онгоцны буудалд газардахаас 8 хүрэхгүй км-ийн наана унаж осолджээ. Осолдсон онгоц нь Франц-Италийн хамтарсан нисэх онгоцны “ATR” компанийн хос хөдөлгүүртэй “ATR 72” онгоц гэнэ.
Б.АНХТУЯА