Н.Батбаяр сайд улсынхаа төсвөөр гал тахиж мэдэх нь

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр сайд улсынхаа төсвөөр гал тахиж мэдэх нь

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр улсынхаа төсвөөр туг тахь­чихаж мэдэх нь. Учир нь тэрбээр Төс­вийн тогтвортой байд­лын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төс­лийг УИХ-д өргөн ба­риад байгаа юм. Энэ хуу­лийн гол заалт нь манай улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх заалтыг өөрчилж 60 хувьд хүргэх юм. Өөрөөр хэл­бэл манай өрийн хэмжээг нэ­мэгдэхийг хуулиар хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн сайд хуульд өөрчлөлт оруу­лах шалтгаанаа “Ямар ч улс орон өр тавьж байж л хөгждөг. Улаанбаатар хотын зарим хэсгийг оросуудын тус­ламжаар босгосон. Дараа нь ОХУ манай улсын өрийг тэглэж өгсөн. Бид одоо ч гэсэн гаднын орнуудаас зээл авч бүтээн байгуулалтын аж­лаа өрнүүлж байна” хэмээн тайлбарласан.

Хамгийн гол нь Н.Батбаяр сайд өрийн хэмжээг нэмэгдүүлээд ямар замаар эргүүлж төлөхөө огт тайлбарлахгүй байгаа юм. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан дээр “ОХУ өмнө нь манай улсын их хэмжээний өрийг тэглэж байсан юм чинь одоо зээл авч байгаа орнууд ч гэсэн тэглээд өгчихөж магадгүй” гэсэн утгатай юм яриад сууж байсан. ОХУ манай их өрийг хүчингүй болгосон нь үнэн. Гэхдээ бүх орныг ОХУ-тай адилтгах нь утгагүй хэрэг юм. ОХУ болон манай улсын бондыг худалдан авч байгаа орнуудын нөхцөл байдал огт өөр. Тэд ашиг олохын тулд бидэнд мөнгө зээлж байгаагаас биш туслах зорилгоо эхэнд тавиагүй нь хэнд ч ойлгомжтой.

Гэтэл энэ орны хөгжлийн бодлогыг тодорхойлж яваа төрийн түшээ хүн ийм зүйл ярьж байгаа нь,  үүнийгээ ажил болгох гээд хууль санаачлаад УИХ-аар батлуулах гэж чичирч байгаа нь үнэндээ ичгэвтэр хэрэг. Угтаа бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр улсынхаа өрийг хэрхэн нэмэгдүүлэхийн тухай бодож, төсвийн алдагдлаа яаж бууруулах вэ, өмнө авсан зээлээ хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэдэгт толгойгоо гашилгаж байх ёстой болов уу. 

Энэ жил манай улсын төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөгт хүрэх нь бараг ойлгомжтой болчихлоо. Хэдийгээр Засгийн газрын тэргүүн “тэвчиж болох зардлаа танаж төсвийн цоорхойг 600 тэрбум болтол багасгана” гэж байгаа боловч энэ бол мянгуужингийн үлгэр гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд төсвийн алдагдлыг багасгаж байгаа талаар яриад бараг хоёр сар өнгөрч байна. Гэвч энэ хугацаанд лав зардлаа ингэж хэмнээд төсөвт ирэх дарамтыг ийм хэмжээгээр бууруулчихлаа гэсэн тоон баримт үзүүлсэнгүй. Ер нь ч зардал хэмнээд алдагдлыг ийм их хэмжээгээр бууруулж байсан түүх бий билүү. Учир нь улстөрчид ямар төрлийн зардлыг бууруулах вэ гэдэгт нэгдсэн шийдэлд тэр бүр хүрч чаддаггүй урчаас зардлыг 900 тэрбум төгрөгөөр бууруулна гэдэг нь одоогийн нөхцөл байдалд өвсөн дундаас зүү эрэхээс ч хэцүү болж байна. 

Тиймээс оны төгсгөлд манай улсын төсөв нэлээд хүнд байдалд орох нь гарцаагүй болох шиг байна. Гэтэл Сангийн яамны боловсруулсан төсвийн төслөөс харахад ирэх онд ч байдал дээрдэхээргүй байна. Энэ мэтчлэн төсвийн орлого буурч цоорхой нь томроод газар авч байхад Н.Батбаяр сайд хэрхэн нөхөх тухай бодохын оронд гаднаас мөнгө зээлнэ гэж байгаа нь харамсалтай юм.

Эдийн засагчид төсвийн алдагдлыг зээлээр санхүүжүүлэх тухай бодохын оронд үүнийг хэрхэн багасгахад анхаарал хандуулах нь улс орны амьдралд урт хугацаандаа илүү үр ашигтай гэдэг юм билээ. Төсөвт нөхөөс хийхийн тулд зардлаа бууруулах эсвэл орлогоо нэмэгдүүлдэг. Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж суугаагийн хувьд Н.Батбаяр сайд дээрх хоёр зүйлд, ялангуяа сүүлчийнхэд нь фокусаа чиглүүлэх ёстой байх. Асуудлыг зээл авахгүйгээр шийдвэрлэх боломж уг нь байгаа. Тухайлбал орлогоо нэмэгдүүлэх өчнөөн арга байгааг учир мэдэх хүмүүс сануулсаар байна. 

Эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байгаа үед вальютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд гаднын хөрөнгө оруулагчдыг татах, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, алтны нөөцөө нэмэгдүүлэх, гадны орноос зээл авах боломжууд байдаг. Гэтэл манай эрх баригчид эдгээр боломжуудын хамгийн хялбарыг нь буюу улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэйг нь сонгож байна. Энгийнээр хэлбэл гэрийн эзэн өрөө дарахын тулд бүтээмжээ дээшлүүлэх, давхар ажил хийх зэргээр орлогоо нэмэгдүүлэх боломжийг хайхын оронд биед амраар нь гэрийнхээ зурагтыг аваад ломбарданд тавичихсан байгаатай л төстэй юм хийх гээд байх шиг байна. Учир нь төсвийн алдагдлыг нөхөхийн тулд авч байгаа зээлийн хүүгийн төлбөр нь нэмэгдсээр алсдаа бид бөөн өртэй л хоцрох болох нь ээ. Үүний оронд импортын хэмжээгээ нэмэгдүүлэх, гаднын хөрөнгө оруулалтыг татах гэх мэт бүтээлч хувилбаруудыг сонгомоор юм. Муу л юм болвол баруун гэрийн хар овоохой гэдэг шиг жаахан хэцүүдэхээр зээл авъя, зээл авъя гэх нь угтаа эдийн засгийн хөгжлөөс хойш нь татна уу гэхээс биш урагшлуулахгүй. 

Эрх баригчдыг юм л болвол хүч түрж байна гэж сөрөг хүчнийхэн гомдоллодог. Хэд хэдэн УИХ, Засгийн газар дамжин хэлэлцүүлж байж баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “гар хүрэх” гэж байгаа нь ч үүний баталгаа бололтой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулж ДНБ-тэй харьцуулсан өрийн хэмжээг 60 хувь болгочихвол цаашид 70, 80 хувьд хүрч улмаар их өрийн дарамтад орж болзошгүй гэдгийг сөрөг хүчнийхэн ч хэлж л байна.

Н.Батбаяр сайдын хэлж байгаагаар гаднын орнууд ч бусдаас зээл авч бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Манай улс ч гэсэн бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэхийн тулд “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг босгож байна. Гэхдээ гаднын орноос зээлсэн мөнгөө үр ашигтай төслүүдэд зарцуулж чадаж байна уу гэвэл тийм биш. “Чингис” бондын хөрөнгийг эрх баригчид үндсэндээ хэдэн улс төрчиддөө эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зарчмаар тараагаад өгчихлөө. Улс орны эдийн засгийн бодлогыг тодорхойлох ёстой Эдийн засгийн хөгжлийн яам гэхэд л бондын хөрөнгөөс 200 сая ам.долларыг нь авч зам барилгын ажилтай зууралдаад явж байна. Ингээд хэдэн уулзвар өргөтгөсөн нэрээр 200 сая ам.доллараар “тоглож” орхив. Энэ мэтчлэн өмнөх зээлээ “чулуу” болгож чадаагүй байж “дахиад зээл авах хэрэгтэй байна. “Хуулиа батлаад аль” гэж байдаг.  Н.Батбаяр сайд гадны орнуудад албан айлчлал хийх үеэрээ  гал тахин улс орныхоо ирээдүйг даатгаж явдаг гэнэ билээ. Америкт, Японд гээд хаана ч явсан гал тахиж явдаг энэ эрхэм одоо улсынхаа төсвөөр гал тахичих вий дээ.

Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж