Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Дээрэмчин

Иргэн Т. Мөнхбаяр манай сайтад дараах нийтлэлийг ирүүлснийг уншигчдадаа хүргэж байна.
Эрт үед

Ардын хувьсгалаас өмнөх Монгол оронд зарим хошуу ноён Богд эзэн юмуу Бээжин хотод морилох, эсвэл данжаад гуайн өрийг төлөх зэрэгтээ хамжлага иргэдээсээ алт, мөнгийг лан цэнгээр нь татварлан авч зардал хийдэг байжээ.Авч болох уу гэж асуух ч гүй. Зүгээр л “авна”!Дээшээ тэнгэр хол…

Ай, бэрх цаг ард хоцорч, өмчид минь хэн ч халдахгүй болсон нь юутай завшаантай вэ!

Орчин үед    

Ардчилсан хувьсгалын дараах Монгол оронд олон арван дарга сайд нар гадаад дотоодод айлчлал хийхдээ бас л ардынхаа өгсөн татвараар зардал хийнэ. Гэхдээ энэ бол хуучны бурангуй цагийнх шиг биш юм. Орчин цагийн бүхий л улс орнуудад байдаг хүмүүнлиг хууль журмаар зохицуулагдсан систем. Татвар өгснийхөө төлөө иргэд төрөөс тайван сайхан амьдрах боломжоор хангагдах эрхтэй. Дутсан зүйлээ шаардах ч эрхтэй. Хамгийн сайхан нь төр бидний өмчийг хамгаалдаг юм шүү дээ.

Ай сайн цагт амьдарч байгаа бид юутай азтай вэ!

Гэтэл юу болж байна гээч!

Баянзүрх дүүрэгт иргэнээ хайхрах байтугай яг л зуун жилийн өмнөх шиг өмчийг нь дээрэмдэж авдаг засаг дарга байна. Санаанд багтамгүй энэ явдалдуншигчид итгэхгүй байх магадтай тул бүгдийг эхнээс нь өгүүлье.

Нэгэн жижигхэн газрын намтар

Баянзүрх дүүргийн иргэн Т.Сандуйжав гуайн (Цахиур Төмөрийн дүрийг бүтээсэн) гэр бүлийнхэн 2002 оноос хойш Баянзүрх дүүргийн 18-р хороо буюу 13-р хорооллын 14-р байрны зүүн урд талд газарт ТҮЦ-тэй байжээ. Хүн нэг л амьдрахдаа цаг үргэлж амьжиргаагаа өөд нь татах нь жам. Гэр бүлийнхэн ТҮЦ-ээ дэлгүүр болгох хүсэлт гаргасныг тухайн үеийн засаг дарга зөвшөөрчээ. Гэтэл ТҮЦ-ээ буулгах, шинэ дэлгүүр байгуулах их ажлын үеэр хөгшний бие гэнэт муудаж ажил удаашран цалгардахыг далимдуулан хэсэг залуус газар дээр нь автомашины гараж барьж орхисон. Сандуйжав гуай таалал болохдоо өөрийн нэр дээр эзэмшдэг дээрх газрыг хань Г.Чимэгдэлгэр болон үр хүүхүүдээ албан ёсоор гэрээслэжээ. Уг гэр бүлд дан эмэгтэйчүүд байдаг. Уйтай, гунигтай цаг үетэй давхцсан дээрх явдлыг залруулуулахаар төрөөсөө дэм эрсэн боловч шийдвэрлэж өгөлгүй өнгөрсөн байна.

Харин саявтар дүүргээс “Хашаа” арга хэмжээ зохиогдож буйг дуулаад өргөдөл гарган газраа чөлөөлүүлэх хүсэлт гаргахад “зардлаа өөрснөө гаргавал гаражуудыг буулгаж өгнө” гэсэн баяртай хариу авчээ. Ийнхүү гэр бүлийнхэн зардлыг нь гаргаж газраа чөлөөлж авав. Хүний л ёсоор өөрийн юмаа тойлж бөөгнүүлэн газрынхаа гадуур хашаа хатгажээ. Амсхий юу даа, аштай юу. Хэдэн жил төлбөрийг нь төлж, гэрчилгээ цаасыг нь бүрэн бүтэн байлган хуулиа сахиж ирлээ дээ?

Ноёны буулга    

Гэтэл өнгөрсөн бямба гариг буюу 2013 оны 10-р сарын 12-нд Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Н.Батсүх ажилтнуудын хамтаар ирж, “Энэ хашааг буулга, бид газрыг чинь авна!” гэх нь тэр.

Гэр бүлийн ээж Г.Чимэгдэлгэр Газрыг албан ёсоор эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг гэхчлэн шаардлагатай бүхнийг үзүүлж, “Юуг үндэслэн, ямар захирамжийн дагуу, ямар шалтгаанаар буулгах гэж байгаа юм бэ?” гэсэн асуулт тавьжээ. Дарга Н.Батсүх үүний хариуд ямар ч цаас бичиг үзүүлэх нь битгий хэл ойлгомжтой, тодорхой хариу ч өгөөгүй. Харин “Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн өгсөн үүрэг даалгавараар ирлээ” гэж хэний зараалаар яваагаа тодорхой өгүүлээд,зорилгоо, “Манай засаг даргад газар хэрэгтэй” гэж тодотгоод хийх гэж байгаа зүйлээ, “Нэгдэх өдөр Бат-үүл даргад санал оруулж зөвшөөрлийг чинь цуцалж газрыг чинь авна” гэж илэн далангүй хэлжээ. Мөн Нийслэлээс олгосон тамга тэмдэгтэй гэрчилгээг, “Та нарын баримт бичиг тэртэй тэргүй хуурамч, хууль бус” гэж даналзан зандарсан байна Үүгээр зогсохгүй “Тэр захирамж чинь би байна” гэж хаан шиг авирлажээ. Энэ бүгд гар утасны видео  бичлэгт тодорхой байгаа. Энэ бол баримт.

Хууль сөхье

Газрын Албаны дарга Н.Батсүхэд хашаа буулгах ямар ч захирамж, үндэслэл байсангүй. Харин улайрсан дарга нар тэр өдрийнхөө орой нь (бямба гаригийн амралтын өдөр)иргэн Г.Чимэгдэлгэрт төлөвлөсөн мэдэгдэл дээр нь “…Монгол Улсын Газрын ухай хуулийн61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу…” гэсэн үндэслэл дурджээ. Уг заалтад:

61.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл эс үйлдэхүй-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхоыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бусшийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заажээ.

Иргэн Г.Чимэгдэлгэрт олгосон газар эзэмших гэрчилгээг Нийслэлийн Газрын Албанаас олгосон. Тэгвэл дээрх заалтад энэ гэрчилгээг гагцхүү Нийслэлийн Газрын Алба, эсхүл Нийслэлийн Засаг дарга л хүчингүй болгож болохыг хоёргүй нэг утгаар заасныг та бид харж байна. Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Газрын Албаны дарга Н.Батсүх нар хуулийн заалтыг буруу тайлбарлаж, мөн буруу ашиглаж хуулийг ноцтойгоор зөрчжээ.

Дээрх үйлдлийг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн заалтаар тайлбарлаж бас болно. Уг дүрмийн заалтын 5.3.4-т Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох;
5.3.5-т бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглохгэж заажээ. Эндээс тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа яагаад өөрийн дор ажилладаг албан тушаалтан, Газрын Албаны дарга Н.Батсүхэд хууль бус үүрэг даалгавар өгч, бүрэн эрхээ урвуулан ашиглаж байгаа юм бэ гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Эсвэл бүр дарамталж, хавчин гадуурхаж, эрхшээлдээ байлгадаг юм уу?

Эцэст нь

Дурдагдан буй дээрх талбайн эргэн тойрон огт зөвшөөрөлгүй олон тооны авто гараж бий. Түүнчлэн мөн л Баянзүрх дүүргийн эрх бүхий албан тушаалтан гэр бүлийнхэн цахилгааны подстанцтай тулган нэгэн барилга барьж буй нь  өдөр ирэх бүр дээшээ нэмэгдсээр байгаа.

Батсүх дарга ямар их бардам, дээрэнгүй, өөртөө итгэлтэй байсан гэх вэ. Орчин цагийн, соёлт ертөнцийн хариуцлагатай алба хашдаг, ухаан санаа, бие эрхтэн эрүүл хүн хэдэн зууны өмнөх Манжийн бошготой агсан хөлчүү ноён шиг авирлана гэхэд ухаан санаанд үл багтана. Улстөржүүлье гэсэнгүй, гэвч сүүлийн үед АН-н хурган дарга нар улангассан, юу дуртайгаа хийдэгболсон гэдэг шүүмжлэл энд эрхгүй санагдлаа. Ингэж төрийн нэрээр дээрэм хийж овоо дориун ажил хийж иргэдийн талархалыг хүлээгээд байгаа Нийслэлийнхний нэр хүндийг шавар шавхайтай хутгаж байгаа засаг ноёд урьдны аймшигт харанхуй цагийг мэдрүүлж байна. Үүнийг таслан зогсоож, дээрх дарга нарын ашиг сонирхолын асуудлыг нэг талд нь гаргах, Монгол улсын иргэн эх орондоо шударгаар ажиллаж хөдөлмөрлөх эрхийг мөрөөр нь эдлүүлж чадах шударга албан тушаалтан байна уу?

Т. МӨНХБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж