&#34Цэнхэр дуулгатан&#34-ууд шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

&#34Цэнхэр дуулгатан&#34-ууд шагналаа гардлаа

Афганистан улсад "Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай биелүүлээд ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Монгол улсын төрийн одон медаль болон салбарын хүндэт шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын Жагсаалын талбайд өнөөдөр боллоо. Цэргийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлтэйгээр жагссан бөгөөд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Паипэр Энн Уинд Кембелл нарын хүндэт зочид хүрэлцэн ирж, дайчдад шагнал гардуулсан юм.

Олон улсад энхийг сахиулах ажиллагааны арав гаруй жилийн түүх, арвин туршлагатай манай орны Зэвсэгт хүчний 25 анги байгууллагын 130 гаруй цэргийн албан хаагч энэ удаа дайн тулаан, зөрчил мөргөлдөөний байдлаараа аюулын зэрэглэл өндөртэй байгаа Афганистан улсад харуул хамгаалалт, нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээ сургалт, артиллерийн сургалтын чиглэлээр тус тусын үүргээ амжилттай биелүүлээд ирсэн байна.

Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар энэхүү цэргийн багийн ахлагч, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тагнуулын дарга, дэд хурандаа Б.Төмөрпүрэв, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн артиллерийн тагнуулын удирдлагын байрны СНАР 10 станцын дарга, сургагч ахлагч Д.Оюунбат, Зэвсэгт хүчний 142 дугаар ангийн жагсаалын дарга, сургагч ахлагч Р.Ганбаатар нарыг "Цэргийн хүндэт медаль", Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хуягтын салааны захирагч, дэслэгч Б.Сергей нарын 61 хүнийг “Энхийн төлөө медаль”-аар энгэрийг нь мялаасан бол Батлан Хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ротын ахлагч, ахлах ахлагч Ж.Ганхурц нарын зургаан алба хаагчийг “Дайчин алдар-II медаль", Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, ахмад У.Ундрах нарын долоон алба хаагчийг “Дайчин алдар-III медаль”, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн автын нярав-засварчин, ахлах ахлагч Ц.Үнэнбатыг “Эх орны төлөө-I" хүндэт тэмдэг, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ротын ахлагч, сургагч ахлагч Д.Чулуунсүх нарын долоон алба хаагчийг “Эх орны төлөө-III хүндэт тэмдэг”, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн батальоны ахлагч, тэргүүн ахлагч Н.Бат-Эрдэнэ нарын 46 "цэнхэр дуулгатан"-ыг “Афганистанд энхийн төлөө дурсгалын хүндэт тэмдэг”-ээр шагнан урамшууллаа.

Энэ удаагийн энхийг сахиулах монголын багийн бие бүрэлдэхүүний арав орчим хувь нь гэрээт цэрэг байснаараа онцлог бөгөөд нийт алба хаагчдынх нь дал гаруй хувь нь Сьера Леон болон Чад дахь НҮБ-ын Энхийг сахиулах, мөн Иракийн эрх чөлөө зэрэг ажиллагаануудад оролцон алба хааж байсан туршлагатай дайчид байлаа. Хугацаат цэргийн алба хаагчид хүсэл сонирхлоороо гэрээт цэргийн албанд шилжин ажилласнаар ийнхүү олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрхтэй болдог ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж