Тэмцээний үндсэн төрөл буюу стандарт өрөгт найман хожил, нэг хожигдолтойгоор боломжит 30 онооноос 22 оноо авч түрүүлэн ДАШТний 13 дахь алтан медалиа энгэртээ гялалзуулсан Латвийн тамирчин ОУИМ Зоя Голубеватай ярилцлаа.

-Би долоон настайгаасaa даамын спортоор хичээллэж эхэлсэн. 1985 онд өөрийн төрөлх нутаг Минск хотноо зохиогдсон ДАШТ-нд анх удаа оролцохдоо хоёрдугаар байрт шалгарч байлаа. Тэр тэмцээн миний санаанаас ер гардаггүй. Үүнээс хойш 25 удаа оролцохдоо 13-д нь алтан медаль хүртсэн. Тухайлбал 1986, 1988, 1990, 1991, 1992, 1994, 1995, 1996, 1997, 1999, 2000, 2010, 2013 онд түрүүлсэн. Энэ удаагийн амжилт миний эцсийн зогсоол байхыг үгүйсгэхгүй.
-Цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ?
-Өөрийн залгамж халааг бэлдэх зорилгоор өсвөрийн хэдэн хүүхэдтэй ажиллаж байна. Тэднээс хоёр шавь маань юм дуулгаж мэднэ. Долоо хоногийн дараа болох 13 хүртлэх насны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн шавь нарын өнгийг харах санаатай. Тэр тэмцээнд танай өсвөрийнхөн ч мөн оролцох юм гэсэн.
-Мэргэжилтнүүд өөрийн чинь гарын шавь Чесниковаг “хатуу самар” гэх юм билээ?
-Тэр нас залуу туршлага нимгэн. Түүнд сурах зүйл их бий. Чесниковаг өндрөөр үнэлсэн хүмүүсийн ачийг хариулахын тулд бид хоёр хичээх болно.
-Манай даамчдын ур чадварын талаар та юу хэлэх вэ?
-Монголын даамчдын мэдлэг, ур чадвар шүүрхий байна. Тэд амжилтаа ахиулахын тулд байнгын бэлтгэл сургуулилтанд хамрагдаж, олон улсын тэмцээнд тогтмол оролцох хэрэгтэй. Даамын спорт өндөр хөгжсөн Европын шилдгүүдээс суралцахад гэмгүй шүү.
-Та манай залуу даамчин М.Одгэрэлд ялагдсан байх аа?

-Та Беларусьт төрсөн хэрнээ Латвийн улсын нэр дээр тоглодог. Энэ талаар юу хэлэх вэ?
-Латвийн даамчид хэнд ч гологдохооргүй туршлага, ур чадвартай. Би иргэншлээ өөрчлөх шийдвэрийг олон хүнтэй зөвлөлдөж байж гаргасан. Гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун явдаг.
-Ирэх жил даамын дэлхийн аварга шалгаруулах халз өргийн тулаан болно. Тэр тэмцээнд та оролцох уу?
-Би энэ жил 39 хүрч байна. Над шиг ахмад тамирчин халз тулаанд оролцоод амжилт гаргах нь юу л бол.

-Танайхан 13-ын тоог ихэд таашаадаггүй юм билээ. Дахин түрүүлэх боломж харагдахгүй байна гэж үү?
-Миний хүрээгүй амжилтанд шавь нар маань очно гэдэгт итгэлтэй байна.
-Та рапид болон блиц өргөд тоглоогүй өнжсөн. Хэрэв тоглосон бол медалийнхаа тоог нэмэх боломжтой байсан уу?
-Тэмцээний эхний өдөр миний бие тааруу байсан. Нүд өвдөөд, дээрээс нь ханиад нэмэрлээд тоглох боломжгүй учраас стандарт төрөлд оролцохын тулд биеэ сувилах шаардлага гарсан юм.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин