
Орхон аймаг өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй боллоо. Орхон-Булган аймаг дахь ХАҮТ, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Орхон аймагт брэнд бий болгох уралдааныг өнгөрсөн нэгдүгээр сарын 5-аас хоёрдугаар сарын 6 хоорон зарлажээ. Орон нутгий нүүр царай болохуйц бүтээгдэхүүнийг хөгжүүлж түүнийг сурталчилан таниулах зорилгоор явагдсан уралдаанд манай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 32 иргэн ААНБ гурван үеийн турш өрсөлджээ. Уралдаанд оролцогчдод Орхон-Булган аймаг дахь ХАҮТ, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос тодорхой мэдлэг мэдээллээр хангасан байна. Түүнчлэн МУИС-ийн Орхон сургуулийн марктенгийн тэнхимээс хэрэглэгчдийн судалгааг хийхэд нь дэмжлэг үзүүлжээ. Дээрх компанийг тодруулахдаа хэрэглэгчдээс санал авах, сав баглаа боодол, бэлгэ тэмдэг гээд бүхий л үзүүлэлтийг шалгуур болгожээ. Уралдаанд оролцогчдоос эхний гурван байр шалгаруулж зохион байгуулагчдын зүгээс тоног төхөөрөмжийн урамшуулалыг өргөмжлөлийн хамт гардуулжээ. Ийнхүү 3 үе шатын турш явагдсан шалгаруулалтын дүнд “Ширмэг Цүнх” ХХК-ийн бүтээгдэхүүн Орхон аймгийн брэнд болсоныг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
“Ширмэг Цүнх” ХХК нь 2011 онд байгуулагдсан 8 хүний бүрэлдэхүүнтэй. Арьс ширэн түүхий эдээр Гутал, цүнх, бэлэг дурсгал гээд хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Боловсон хүчний хувьд Чех улсын арьс ширэн эдлэлийн үйлдвэр ажиллаж байсан туршалагатай бөгөөд тус үйлдвэр Ренж ровер, Мерседес Бенз зэрэг нэр хүндтэй брэндийн суудлын бүрээс үйлдвэрлэлд оролцож байсан аж. Тэд өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ одоогоор захиалгаар үйлдвэрлэж байгаагаас гадна Улаанбаатар хотод нэрийн барааны дэлгүүрээрээ борлуулж байгаа юм байна. Харин удахгүй орон нутгийн зах зээлдээ борлуулж эхлэхээр төлөвлөжээ.