М.Энхболд, Н.Энхболдын хэн нь бэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

М.Энхболд, Н.Энхболдын хэн нь бэ?

МАН-д удирдлагын төлөөх өрсөлдөөн өрнөж байгаа ч төдий л олон хүний нэр Их хуралд нэр дэвшиж орж ирэхгүй бололтой. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш намын даргад нэр нь дуулдсан  УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хоёрын дунд өрсөлдөөн өрнөх болж байна. Хэдийгээр “Шинэчилье” хөдөлгөөнийхний зүгээс ерөнхий зохицуулагч Т.Аюурсайханыг намын даргад нэр дэвшүүлэхээ урьдчилан зарласан ч тэрхүү тактик нь дээр дурдсан хоёр өрсөлдөгчийн нэгээс санал хуваах зорилго агуулж байж болзошгүй гэх болгоомжлол байна. Гол нь Т.Аюурсайхан хэний талд ажиллах вэ?

Хотын фракциас Ардын намыг удирдах дарга гаргахын төлөө юу, эсвэл Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракциас уу.

УИХ-ын дэд дарга М.Энхболдын удирддаг МАН доторх хотын фракци “Шинэчилье” хөдөлгөөнийхөнтэй ойр дотно ажиллаж чадах боломжтой аж. Энэ тохиолдолд Сү.Батболдын фракци орон нутгийн Их хурлын гишүүддээ найдахаас аргагүй гэнэ. Гэхдээ тус фракцид харьяалагддаг, намын лидер С.Баяр “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа МАН залуусаа дэмжих ёстой гэх байр суурийг илэрхийлсэн, мөн намын нэр сольсны бурууг Сү.Батболд, У.Хүрэлсүх нарт тохсонгүй, зайлшгүй хийх ажлын нэг байсан хэмээн тодотгосноос үзвэл “Шинэчилье” хөдөлгөөнийнхөн Н.Энхболдыг удирдлагаар сонгох “ажиллагаа” явуулахыг ч үгүйсгэх аргагүй аж. Өөрөөр хэлбэл, “Шинэчилье” хөдөлгөөний залуусын хувьд дээрх хоёр нэр дэвшигчээс хэн нь ч намын даргаар сонгогдсон ялгаагүй боловч намын ерөнхий нарийн бичгийг сонгох талд өөрсдийн хүнийг дэмжүүлэх талаас хариу бэлэг хүлээж мэдэх гэнэ.

Одоогийн байдлаар намын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөн намын даргаас илүүтэй тэмцэл өрнүүлж буй тухай дуулдаж байна. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан Б.Энхмандах, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарын нэр яригдаж буй юм. Гачлантай нь, энэ олон нэр дэвшигчээс зөвхөн нэг нь Г.Занданшатарын орыг залгаж ажлыг нь авах ёстой. Гэтэл цагаа тулахаар одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга дахин намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших горьдлого тээж байгаа гэх. Харин “Шинэчилье” хөдөлгөөнийхөн “Үнэн сонины эрхлэгчийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар гаргаж ирэх бодлого барьж буй. У.Хүрэлсүхийн “хуурай дүү” тэрээр чухамхүү өрсөлдөгч олонтой энэхүү сунгаанд хэр хол давхих нь тодорхойгүй ч Их хурал болтол фракциудын дунд өрнөх “хэлэлцээр”-ээс нэлээд зүйл шалтгаалах бололтой. Дээр нь Австралид суурьших болсон У.Хүрэлсүхээс ирэх чиглэл мөн чигийг заана гэх.

Ийнхүү өрсөлдөгч олонтой, намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох ажиллагаа эцсийн дүндээ намын удирдлага сонгох ажиллагаанд нөлөөлж, шударга өрсөлдөөн болж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж болзошгүй байна.

Нөгөөтэйгүүр, дээрх үйл явцаас болсон уу, эсвэл өөр шалтгаан байна уу, өнгөрсөн он жилүүдэд тус намын бодлогоор бэлтгэгдэж ирсэн томоохон боловсон хүчнүүд нь Их хурлаасаа зай барин ухралт хийх болсон гэх мэдээлэл ч бас дуулдана. Хэрвээ жинхэнэ бодлоготнууд нь зай барьж намын бүтцэд шинэчлэл хийх талд санаа оноогоо уралдуулж дэмжлэг үзүүлэхгүй бол эрх баригч хүчнээс сөрөг хүчний байр сууринд шилжчихээд байгаа Ардын намынхан ирэх жилүүдэд хөл дээрээ босно гэхэд хүнд.

Тэр тусмаа намын ажлыг сайн мэдэх удирдлагыг сонголоо ч тулах хүч нь болох намын ерөнхий нарийн бичгийн дарга, намын нарийн бичгийн дарга нар нь амбиц хөөсөн, албан тушаалд дуртай, хөрөнгө мөнгөөр зодохыг илүүд үзэгчид болчихвол намын аппарат шинэлэг аргаар, 2016 оны УИХ-ын сонгуульд амжилт олохоор ажиллана гэхэд бэрх аж.  Мөн 1000 гаруй гишүүн цуглаж намын дүрмээ шинэчлээд ч МАН шинэчлэгдэхгүй. Тэр тусмаа өнөөгийн удирдлагын зүгээс хэрэгжүүлж буй нүсэр бүтцээ цомхотгох, хэлтсийн дарга нарын албан хэрэгцээнд унадаг авто машинуудыг нь худалдахаар зэхэж байгаа ажлууд бүгд ярианаас цааш хэтрэхгүй ул болно гэж үзэх гишүүд ч байна. Аравдугаар сарын 27-нд товлогдсон МАН-ын Их хурлын тухай тандахад ийм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж