Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна дачин Тамсаг” компани Монголын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсны дагуу Тосон уул 19, тамсаг 21 талбайгаас газрын тос олборлож буй юм. Гэрээний дагуу дээрх хоёр талбайн орлогын 76 хувь нь Хятадын талд, 24 хувь нь Монголын талд ногдох ёстой байжээ. Гэтэл Монгол Улсын төсөвт орох ёстой 24 хувийн нэг хувийг нь Газрын тосны газрын өмнөх удирдлагууд дундаас нь зувчуулж 417 мянган баррель тосноос олох 40.5 сая ам.долларыг Хонконгт байршилтай "Sun wang" компанийн данс руу шилжүүлсэн нь хөдлөшгүйгээр тогтоогдсон байна. Үүнээс гадна тэдний газрын тос олборлогчдоос авлига авсан байж болзошгүй гэдгийг АТГ-ынхан шалгаж байгаа юм. Харин Д.Амарсайханы хувьд одоогоор хаана амьдарч буй нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан шалгаж эхлэнгүүт гадагшаа явсан гэх мэдээллийг албаны эх сурвалж мэдээлсэн. Түүнийг баривчилсан, хорьсон гэх мэдээлэл гарахгүй байгаа нь энэ мэдээлэл үнэн байж болох талтайг гэрчилж байна.
Энэ хэрэг Газрын тосны газарт оруулсан хөндлөнгийн аудитын шалгалтаар илэрсэн бөгөөд улсын төсөвт орох ёстой байсан мөнгөөр Газрын тосны газрын дарга нар “гараа арчих” нь холгүй тансагладаг байсан гэх.
Д.Амарсайханы хувьд Монголд бараа нь харагддаггүй үнэтэй навчин тамхи байнга татдаг байсан гэдгийг ойр дотныхон нь ярьдаг. Тэр ч бүү хэл хар хослол, хар зангиа, хар гутал өмссөн үедээ хар машин, хүрэн зангиа, хүрэн хослол, хүрэн гутал өмссөн үед хүрэн машин гээд өмссөн хувцастайгаа унах унаагаа зохицуулдаг байсныг хамт ажиллаж байсан хүмүүс нь ярьдаг. Газрын тосны газрын дарга нар Монголд хамгийн үнэтэй машин унацгаадаг, дурын нэг компаниас шатахууныхаа хэрэгцээг хангалттай авчихдаг байсан гэх яриа ч байна. Д.Амарсайхан захирал 2007 оноос эхлэн Газрын тосны газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг С.Баярын ойрын хүн байсан гэдгийг зарим эх сурвалжууд гэрчилдэг. Түүнийг АМГ-ын экс дарга Д.Батхуягтай сайн найзын холбоотой байсан гэдэг юм билээ.
Д.Амарсайхан нарын төсвийн мөнгийг угаасан байж болзошгүй хэрэг Монголд дуулиан тарих үед Хятадын хууль, хяналтынхан “Петро Чайна”-гийн зарим удирдлагыг авлига өгсөн, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Хятадын цагдаа нар Д.Амарсайхан нарын Хонконг дахь "Sun wang" талаар анх олж мэджээ. Өнгөрсөн есдүгээр сард Хятадын холбогдох байгууллага “Петро Чайна”-гийн гурван даргыг авлигын хэргээр шалгасан юм. Энэ шалгалтын дараа төрийн өмчит компаниудыг хариуцсан комиссын дарга Жиан Жиеминийг халсан байна.
Мэргэжилтэн бэлтгэх нэрээр Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр нь сургалтын зардал гэж тусад нь нэмэлт заалт оруулаад гадаадын хөрөнгө оруулагчдаас жил бүр зардал гаргуулдаг байсан бөгөөд нийтдээ таван сая ам.долларыг томчуудын хүүхдүүдийг гадаадад сургахад зарцуулсан байжээ. Тухайлбал, Д.Амарсайхан даргын хүү Жаргалан АНУ-д санхүү эдийн засгийн чиглэлээр суралцдаг, түүний сургалтын жилийн төлбөр нь 17 мянган ам.доллар гэнэ. Д.Амарсайханы энэ хэрэгт тухайн үед Газрын тосны газарт ажиллаж байсан хүмүүс болон Эрдэс баялаг эрчим хүчний яаманд ажиллаж байсан зарим нэр бүхий албан тушаалтаныг шалгаж буй гэх. Тодруулбал, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд ажиллаж байсан газрын дарга нар, Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлийн дэд дарга Т.Оюунбаатар, Газрын тосны газрын Гэрээлэл хайгуул, судалгааны хэлсийн дарга О.Энхбаяр нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж мэдүүлэг авчээ. Т.Оюунбаатар, О.Энхбаяр нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд Д.Амарсайханы ойр, дотных нь найзууд гэнэ. Харин Газрын тосны газрын нябо асан О.Оюунтуяа нь О.Энхбаярын төрсөн дүү гэсэн мэдээлэл байна.
Авлига, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Амарсайханаас хуулийнхан яагаад мэдүүлэг авч чадахгүй байна вэ? Тэр энэ талаар юу гэж хариулах нь сонирхолтой байна.