Чи түүхээ мэдэхгүй бол чамд түүхийг чинь зааж өгөх хүн бишгүй олдоно… гэдэг мундаг үг бий. Монголын хар масс өөрсдөө ч анзааралгүйгээр харийнхнаар түүхээ заалгаж байна. Энэ нь олон шинжээр илрэх ч хамгийн нийтлэг бөгөөд хүчтэй нь олон ангит кино.
Өрхийн ам бүлийн тооноос хамаараад айл болгонд Солонгосын сериалд донтогчид бий. Хачирхалтай нь тэрхүү шимтэн үздэг нэгэн кинонд нь /манай орчуулагчид мундаг хойно монгол хөрсөн дээр буулгах үүднээс нэрийг нь өөрчилсөн байж магадгүй/ хавт Хасар Гуулин улсын нэгэн гүнжид дурлана. Ингээд хүлгийн жолоог нутгийн зүг залах үедээ манай хүний зүрх нь зүсэгдэх шиг болж Их хааны дүү эргэн Гуулин улс руу цор ганцаараа буцна. Хайр сэтгэл агуу аж. Эргээд далайн эрэгт очиход дурлуулсан гүнж нь хүлээсээр зогсоно. Хоёр гүйнэ. Хасаар гэж гүйсээр сая нэг тэврэлдэнэ уулзана. Кадр солигдоход жирийн нэгэн боол дурлалдаа мансуурсан Хасарын толгойг далайн түрлэгтэй яг тааруулан тасар татаж орхино. Өнгөрчээ…
Дүгнэлт,
-Гуулин улсыг эзэлсэн Чингисийн дүү Хасар чинь Солонгос гүнжид дурласныхаа хариуд Ким овогтны хамгаалагч боолд нь толгойгоо тасар татуулсан юм байна.
Иймэрхүү юм бол их харагддаг юм билээ. Түүхэндээ нэг улсын мэдлээс нөгөө улсын эрхшээлд орсоор ирсэн улс ард түмнээ омогшуулахын тулд түүхийг гуйвуулан, хийгээгүйг хийсэн мэтээр уран сайхны аргаар үзүүлж болох л байх. Харин бид тэрнийг нь өдөр шөнөгүй гаргаад, хаалттай нийгэмд хориотой байсан XIII зууны түүхийг үзээгүй хөгшчүүл, хүүхдүүдэд үзүүлэх хэрэг байна уу. Орчин цагийн кино нь ч ялгаагүй. Ер нь орой болгон телевизийн аль ч сувгаар үзчихэж болох сериалуудад их нийтлэг жишигтэй. Өргөн суваг болон кабелиар цацаж буй телевизүүдийн хөтөлбөрийг харахад 80-90 хувь нь солонгос, хятад, японы сериал гаргах бөгөөд энэ нь нийт нэвтрүүлгийнх нь 10-20 хувийг, оргил цагийнх нь дийлэнхийг эзлэх жишээний.
Тэдгээр кинонд голдуу гардаг зүйлсийг нэгэн эрхэм нэгд нэгэнгүй жагсаан бидний нүд чих болсон facebook-ээр тараасныг дурдахад л хангалттай.
…Баян царайлаг залуу энгийн, муухай ааштай охинд дурладаг. Өвдсөн хүн бүхэн хорт хавдартай. Хэрвээ хамраас чинь цус гарсан бол чи яалт ч цусны өвчин туссан байна. Чамайг өвчтэй ухаан алдаад унахад чинь найз залуу чинь нуруу нь дээрээ үүрээд гүйдэг. Тэр хэзээ ч такси, автобусаар явж болно гэдгийг санадаггүйгээс гадна 103 руу ч залгадаггүй. Эмэгтэйчүүд нь архичин. Архи ууж ууж тасраад унахаар нь залуу нь үүрээд л яваад байна гээд тоочвол их.
Ханилан сууж байгаад салвал эхнэр нь нөхрөө, хадмаа, нөхөр нь эхнэрийнхээ амь амьдралыг сүйрүүлэхийн тулд насаараа өс зангидаж хүний санаанд оромгүй муухайг ч хийнэ.
“Эхнэрийн урхи” гэгчээр энэ бүхнийг суралцсан охид хүнийг хайрлахаасаа өмнө сүйрүүлэх тухай бодож сууна. Өсвөр үеийн хөвгүүд эр эм нь мэдэгдэхгүй хувцаслаж, нүүрээ будаад эхэлчихсэн. Охидуудаас ч эмзэгхэн хөвгүүд нүүрээ хоёр алгаараа дараад уйлж суугаа харагдах нь энгийн үзэгдэл болжээ. Тэгсэн хэрнээ нэг муу ямаан омогтой. Найз охинтойгоо эгээтэй л аальгүй охин шиг гараа савчуулан “Чи юун аймаар ийн. Би уйллаа шүү” ч гэх шиг утсаар ярих нь бүр сэжиг хүрмээр… Утас, компьютерээсээ өөрийг оролдож үзээгүй болохоор биеийн хөгжил нойл. Чангахан үг хэлчихвэл уйлахад бэлэн, тийм өрөвдөлтэй амьтад болжээ. Солонгос эрчүүдийн имиж нь эмэгтэйлэг гээд ойлгочихсон. Тэр нь охидод таалагддаг гэж эндүүрнэ. Үнэндээ Солонгост нөхөр нь ажил хийж ар гэрээ авч явдаг. Харин эхнэр нь үр хүүхдээ өсгөн, торниулж, аав ээжээ асран халамжилна. Гэр бүлээ тэжээхийн тулд аав давхар ажил хийх шаардлагатай. Тиймээс хүүхдээ унтаж байхад нь яваад, унтсан хойно нь ирнэ. Хүү ээжтэйгээ өссөөр эмэгтэйлэг болно. Тиймээс эмэгтэйчүүдийг ажилд авсан компанийг татварын бодлогоор дэмжиж, эмэгтэйлэг болсон эрчүүдээ эргүүлээд эршүүд болгох бодлого баримталж эхэлсэн шүү дээ. Гэтэл өсвөрийнхөн маань төөрч будилж явна.
Харин бэрээ “дархан” гэж дархалдаг асан хөгшид маань хүүгийнхээ ханийг элдвээр чангалахад суралцаж байна. Монголынхоо түүхээр, ахуйгаар, заншлаар кино хийе гэхнээ киночдод мөнгө алга. Гуйлга гуйн, өрөнд орон байж ганц нэг кино хийх ч орлогынхоо талыг нь кино театрт тушаадаг болохоор хэн ч өрөнд орохыг хүсэхгүй. Үүнийг төр засаг бодлогоор дэмжих ёстой. Эхний ээлжинд телевизүүдийн гаргаж буй кинонд хувь тогтоож, тэдээс доошгүй хувь нь “Монгол кино” байна гээд хуульчилбал адаглаад энэ олон сериалын довтолгоог тогтоож болно. Нөгөөтэйгүүр гаднаас сериал худалдан авдаг мөнгө манай киночид руу чиглэнэ. Ингэхгүй бол эцэстээ монголчууд солонгоос гаралтай гэж эргүүтэтлээ дархлаа суларчээ. Гадныхан энэ тоолонд алга ташаад дархлаа сулруулах нянгаа “вакцин” гэж өгөхдөө бэлэн байгаа.
Эрчүүд нь амьдралаа аваад явах чадваргүй болсон хойно монгол хүүхнүүд харийн залууг илүүд үзэх болж. Ингээд толгойноос нь өлмий, өлмийгөөс толгой хүртэл нь бичлэг хийн, камерны өмнө зогсоод солонгос залуусыг хүндэлж, зан заншлыг нь дээдэлж, эхнэр нь болохоор хүлээж суугаагаа ярьсан охидуудын бичлэг сошиал ертөнцөөр тэнүүчилж явна. Тэдний хэлээд байгаа солонгосчуудтай харьцуулахад монгол залуус шалчигануур, амьдралаа аваад явчих чадваргүй. Эсвэл архичин, мэдрэмжгүй. Адаглаад зан заншилгүй, “сармагчин”. Үнэний ортой л байх. Гэхдээ охидууд маань ч амьдралын төлөө сурч боловсрон, ажилтай болж амьдралынхаа төлөө зүтгэхийн оронд дэндүү хялбараар хүний эрхээр хүүхэд гаргагч “машин” болоход бэлэн байгаа нь сэтгэл эмтрүүлнэ. Ер нь монгол тэр чигээрээ сэтгэлгээний доройтолд орчихсон. Энэ нь бусдыг үнэлэх үнэлэмжээр нь илт мэдрэгдэнэ. Сайхан хувцасласан чинээлэгдүү залууст боловсрол, мэргэжил нэг их чухал биш. Мөнгөтэй л болох нь хамгаас чухал. Энэ хүсэл нь биелсэн цагт гүзээтэй, боловсрол нимгэн энэ тэр падлийгүй. Бүх зүйл хүссэнээр нь болно. УИХ-ын танхимд суух суудалтай болох үүд хаалга нь ч нээлттэй. Бие хаа, царай зүс сайтай мөнгөнд дуртай охидуудаас шилээд сонголтоо хийнэ. Түүний хэн байх нь хамаагүй, өмссөн хувцас, унасан машин, утасных нь дугаар 9911-тэй бол эхнэр нь, чадахгүй бол нууц амраг нь болох хөөрхнүүд бишгүй бий. Тиймээс бүх үнэт зүйлсээ үгүй хийж, луйвраар ч хамаагүй баяжихыг хүснэ. Энүүнийхээ төлөө ойр дотныхноо нулимж, үүх түүх рүүгээ үнс цацах нь энүүхэнд. Нүгэл үйлдээд ч хамаагүй хүссэн зорилгодоо хүрэх нь л чухал. Харин ингэснийхээ нүглээ наминчлахыг оролдон мухраар суварга босгож, засал хийлгэнэ. Тэрийг нь хүлээгээд тэнгэрт тулсан тариф хэлэн засал хийж мөнгө олохоор зэхэж суугаа лам, бөөнүүд бишгүй бий. Ингэж мухраар гадаадын сайхныг мөрөөдөн, Монголоо үзэн ядах монголчуудын мухар, муйхраар хандах хандлага дор амьдрал үргэлжилж байна. Цайны газрын хаягнаас эхлээд бүгд гадаад. Үндэсний телевиз нь хүртэл гадаадаар мэдээгээ уншиж байна.
Бусдаас авах гээхийн ухаанаар хандах ёстой төр, засгийн түшээд ч дуурайн далдаганагчид. Нийгмийн бүхий л шатанд энэ төөрөгдөл бий болсон учраас бид зүгээр л өргөн уудам нутагт бусдыг дуурайх өрөвдөлтэй салбадай болчихож. Одоо яадаг билээ.