Оны шилдэг бөх: Б.Мянганбаяр

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Оны шилдэг бөх: Б.Мянганбаяр

Америкийн оюутны лигт Батсүх Минга нэртэй монгол бөх хүч түрэн явааг манай спорт сонирхогчид дуулсан нь лав. Сент-Жоны их сургуулийн оюутан тэрбээр NCAA-гийн III дивизоны 141-149 фунтын жинд (64-67 кг) гурван жил дараалан түрүүлээд байна.

Өнгөрсөн долоо хоногт монгол хөвгүүн Minga-г NCAA-гийн хамгийн шилдэг бөхөөр зарлажээ. Оюутан ахуйн дөрвөн жилдээ чөлөөт бөхөөр 88 барилдаанд ялж, 19 удаа ялагдсан бөгөөд шинэ оюутан байхдаа 28-12 гэсэн үзүүлэлттэй барилджээ. Сүүлийн гурван жилд 60-7, тэр тусмаа энэ хичээлийн жилд түүний амжилт 27-1 яваа юм. Ганц хожигдохдоо нэмэлт цагт 5:7 харьцаатай ялагдсан байна. 27 ялалтын 18-д онооны хол зөрүүгээр, эсвэл цэвэр даралтаар учраагаа сөхрүүлжээ.

Батсүхийн Мянганбаяр 1987 онд төрсөн. Чөлөөт бөхөөр Улаанбаатар хотноо “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор хичээллэж байв. Улмаар АНУ-д Сент-Бенедиктийн дунд сургуульд, үргэлжлүүлэн Сент-Жоны их сургуульд суралцжээ. 2010 оны чөлөөт бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 66 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Сургуулийн төгсөлт давхацсан тул энэ удаагийн УАШТ-ийг өнжих бололтой.

Ц.Баатар
Зохиогчийн эрх: "Спортын шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж