Хэрвээ энэхүү төслийг УИХ дэмжиж, шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэл нийслэлд 143,7 км уналаг дугуйн зам шинээр тавих төслийн ажил эхлэх гэнэ.
Өнөөдөр Монголын залуучуудын холбоо, Дугуйн холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо тэргүүтэй байгууллагууд Улаанбаатар хотод унадаг дугуйн зам бий болгох төслөө олон нийтэд сурталчлах зорилгоор хэвлэлийн хурал зарлалаа. Эдгээр байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулаад байгаа гэнэ. Улаанбатар хотод 143,7 км унадаг дугуйн зам, 99 зогсоолын төслийг хийхэд гурван жилийн хугацаа шаардлагатай гэнэ. Эхний жил унадаг дугуйн стандартын замын судалгаа, унадаг дугуйны хөдөлгөөний дүрэм, журмыг боловсруулах юм байна. Харин хоёр дахь жилд Улаанбаатар хотноо 50 км унадаг дугуйн зам барина. Харин гурав дахь жилд 143,7 км зам болон 99 унадаг дугуйны зогсоолыг барьж дуусгах аж. Мөн энэ төслийн хүрээнд 20 мянган иргэнээс дугуйн замтай болохыг хүсч буй эсэхийг санал асуулгаар авах юм байна.
Одоогоос 120 жилийн өмнө “Колумбия” компани сурталчилгааны зурагт хуудсандаа “Унадаг дугуйг та дэлхийн хаана ч, хором бүр харах болно” гэж бичсэн нь биелж, өдгөө дэлхийн олон оронд өдөр тутмын хэрэглээ болж чаджээ. Харин манай улсад 2011 оноос хойш унадаг зам шинээр барих төсөл боловсруулж эхэлсэн. Харин төсөл хэрэгжих эсэх нь тун удахгүй шийдэгдэх нь. Монголчууд 100 гаруй жилийн өмнөөс унадаг дугуйг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Гэсэн ч хөгжлийн явцад манай улсын унадаг дугуйн тээвэр орхигджээ.