Музей үзээд Ерөнхий сайдаас бэлэг аваарай

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Музей үзээд Ерөнхий сайдаас бэлэг аваарай

Төрийн ордны Төрийн түүхийн музейн 222200 дахь үзэгч өнөөдөр тодрох аж. Төрийн түүхийн музейн 222200 дахь үзэгчийг Ерөнхий сайд хүлээн авч баяр хүргэн бэлэг гардуулахаар юм байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг аз нь гийсэн тэр үзэгчийг 11.40 цагт хүлээж авах гэнэ. 

Төрийн түүхийг өгүүлэх энэхүү музей нь иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр үйлчилж эхэлсэн бөгөөд төрийн ордонг иргэдэд нээлттэй болгосноос хойш ийнхүү 200 мянга давсан иргэн үйлчлүүлсэн байна.

Тус үзэсгэлэнд 2000 гаруй биет үзмэрийг байрлуулсан бөгөөд манай улсад бүртгэгдсэн түүх, соёлын хосгүй үнэт 612 дурсгалын 289 нь сан хөмрөгт нь багтжээ.

Мөн, Монгол түмний төрийнхөө ёслолд хэрэглэж байсан сүлд, туг, далбаа, тамга, дууллыг энд хүндэтгэлтэйгээр залж, Хубилай хааны зарлигаар 1270 оны орчим бүтээсэн “Арван буянт номын цагаан түүх” зохиолд дурдсан Хаан төрийн есөн их бэлгэ, Богд Живзундамба хааны зарлигаар 1915 онд бичигдсэн  “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т заасан Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн долоон эрдэнэ, Эзэн Чингис хааны нутгийн хөрс шороо, рашааны  дээжүүд, Чингис хаан, түүний дөрвөн хөвүүний удмынхны бүтээн дээдэлж ирсэн Хаадын овгийн тамганууд зэрэг бидний төрөө дээдлэн шүтэх олон зуун жилийн өв уламжлалыг шингээсэн бэлгэдлийн эд зүйлсийг байрлуулсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж