
Монгол улсын Засгийн газраас 2010 онд 318–р тогтоолоор “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ хөтөлбөр нь нислэгийн үеийн яаралтай тусламжийн үйлчилгээг дээшлүүлэх, Монгол улсын эрүүл мэндийн салбарын дэд бүтцэд нөлөөлөх үндсэн зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт бүсийн сургалт зохион байгуулсан байна. Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг аймгаас оролцсон энэ сургалтанд 20 гаруй эмч мэргэжилтэнүүд хамрагджээ.

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайг даган хүн ам нэмэгдэж, гэнэтийн осол гэмтэл сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс цаашид түргэн тусламжийн машинаас гадна агаараар түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй юм гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нислэгийн үеийн тусламж үйлчилгээний хичээлийг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын клиникийн 1-р эмнэлэгийн эмч мэргэжилтэнүүд болон Финлянд улсын холбогдох мэргэжилтэнүүд хамтран зохион байгуулсан байна. Энэ үеэр “Blue sky aviation” ХХК-ийн агаарын тээврийн Эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой нисэх онгоцоор тус аймагт ажиллаж дадлага хичээл орсон нь онцлогтой байсан юм. Сургалтаар Монгол улсын нутаг дэвсгэрт нислэгийн үеийн яаралтай түргэн тусламжийг хэрхэн үзүүлэх, нислэгийн үед аюулгүй байдал, аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах, өвчтөнийг хэрхэн асрах, хүчилтөрөгийг хэрхэн өгөх зэрэг олон төрлийн мэдэгдэхүүн олгосон гэж зохион байгуулагчид хэлж байсан юм.

Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдсан бүсийн сургалт нь гурван төрлийн сэдвээр зохиогдсон байна. Тухайлбал, нислэгийн үеийн яаралтай түргэн тусламжийн талаар голлох хичээл байсан бол нөгөө хэсэг нь аймгийн Цагдаагийн газар болон ОБХ-ийн ажилтануудад зориулан эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үед иргэдэд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар хичээл оржээ. Мөн Эрүүл мэндийн газар болон Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтарч БОЭТ-ийн эмч мэргэжилтэнүүдэд ухаангүй үеийн яаралтай тусламж буюу ялган оношилгоо, ходоодны цус алдалт, ялган оношилгоо зэрэг сэдвүүдээр эмнэлт зүйн сургалт орсон байна.