Хогны уут хэврэг байна

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Хогны уут хэврэг байна

Хог хаягдлыг ангилан, ил задгай хаяхгүй байлгахаар зориулалтын уутыг энэ сараас нийслэлийн есөн дүүргийн айл өрх, албан байгууллагуудад тараасан. Нэг сард 15 ширхгийг үнэ төлбөргүй олгох  хогны уутны зардлыг  хог хаягдлын үйлчилгээний хөлс болох 2500 төгрөгийн төлбөрт багтаан тооцож байгаа юм.

Уут нь ногоон өнгөтэй, , 80*45см-ийн хэмжээтэй, нүүрэн талдаа “Хоггүй Улаанбаатар-Азийн цагаан дагина”, “Хогоо бүү ил хаяарай”, “Хогоо зориулалтын уутанд хийж хуваарьт газраа байрлуулна уу” гэсэн бичигтэй. Ийм уутанд хогоо хийж ачуулаагүй тохиолдолд хогийг нь авахгүй. Тэгвэл хогны уутны талаарх иргэдийн санал бодлыг сонслоо.

Уут цөөн байна

Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Энхчимэг:

-Манайх гэхэд нэг өдрийн хогоо хийхэд л нэг уут  дүүрчихэж байна лээ. Тэгэхээр сарын турш 15 ширхэг уут өгч байгаа нь дэндүү  цөөхөн санагдлаа. Бас маш хэврэг. Хажуу, доод талаасаа задраад хогоо хаях гэж замдаа цувуулж хаяад байх юм билээ. Өвлийн улиралд бол хөлдөж хагараад хог хийх боломжгүй. Тиймээс хогны уутаа зузаан материалаар хийж,  тоо ширхэгийг нь нэмэх хэрэгтэй байна. Юм хийж байгаа бол нэг мөсөн хийх хэрэгтэй шүү дээ. Өнгө өнгийн уутанд хийж хогоо ялгадаг болмоор…

Манайд хогны уут ирээгүй


Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Н.Жаргалсайхан:

-Хогны уутыг айл өрхөд тараах нь зөв. Манайд бол хогны уут ирээгүй. Гэхдээ бусдаас сонсох нь ээ, уут их нимгэн болохоор хог хийхэд хэцүү гэх юм. Бас ам нь задгай учраас хог дүүрээд ирэхээр асгарах гээд, бас дундуур хийсэн байсан ч дээшээ гарчих гээд байна гэсэн.

Баянгол дүүргийн есдүгээр хорооны иргэн Г.Сандагдорж:

-Анх удаа хогны уут гаргаж хэвшүүлж байгаа нь бусад улстай ижил соёлтой болж байгаа сайн  хэрэг л дээ. Чанарын хувьд, тун тааруухан хүчтэйхэн татахад урагдчихаар юм билээ. Бага зэрэг биетэй болгож зузааруулаад, хүнсний хог хаягдал, гялгар уут, цаас хийх зориулалтаар  ялгаж, өөр  өөр өнгийн уут гаргаж болно шүү дээ. Зөвхөн ногоон өнгөтэй гэлгүй  хүнс хоолны үлдэгдэл болон амархан мууддаг хог хаягдлыг хар уутанд хийж,  хуурай хогийг ногоондоо хийх байдлаар шийдэж болох байх.

Уутны амыг уях татуурга хэрэгтэй


Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Оюунчулуун:

-Хогны уутыг хэвшүүлчихвэл уг нь сайн л даа. Европт хогны уутны амыг нь уях зориулалтын татуургатай байдаг. Гэтэл энэ ногоон уутанд хогоо хийгээд өөрөөр нь уях юм билээ. Уут даацын хувьд муу. Хүнд юм хийхээр урагдаад, хогоо хийгээд ёроолыг нь скочдож байж өгч байсан. Бас өнгө нь заавал ногоон байх ёстой юм уу. Гадны оронд хогны уут хар өнгөтэй байдаг. Энэ мэт асуудлаа шийдчихвэл хогны уут хэвшүүлэх нь эмх цэгцтэй, олон улсын стандарт.

Халуун үнс, нурам хийх аргагүй юм билээ


Баянзүрх Дүүргийн VII хорооны иргэн Т.Бат-Очир:
 
-Хогны ногоон уут манайд 15 ширхэг ирсэн. Ёстой л нэг нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэгч болсон юм шиг. Шаардлага хангахааргүй нимгэн, хэврэг байна. Хүнд хог хийхээр ёроол нь цоорно, халуун үнс, нурам бол хийх арга ч байхгүй. Ялангуяа гэр хорооллын айл өрхийн хувьд төрөл бүрийн л хог хаягдал гарна. Тэр болгоныг яаж нимгэхэн уутанд хийж болох вэ дээ. Энд тэндээсээ цоороод асгарчихна. Ер нь байгаль орчныг хамгаалахын тулд гялгар уутыг хориглоно гэж хэсэг яриад цаасан уут хэрэглэе гээд л байсан. Гялгар уут байгальд шингэхдээ муу, хөрсөнд хэдэн арван жил байдаг гэдэг шүү дээ. Гэтэл одоо гялгар уутыг хэдэн мянгаар нь тарааж байгаа нь урьд ярьж хэлж байсныхаа эсрэг болж. Үндсэндээ шахааны бизнес л юм биш үү. Гялгар уутны оронд өөр даавуун, цаасан уут гаргана гэдэг ч худлаа. Айл бүр өөрсдөө л уутандаа хогоо хийгээд гаргах нь зөв л дөө.

Эх сурвалж: News week сонин №33

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж