Дэлхийн аваргыг зорих багууд тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргыг зорих багууд тодорч эхэллээ

Дэлхий тэр чигтээ хөлбөмбөгийн баярт яаарч байна. 2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13-ны хооронд Өмнөд Америкийн Бразил улсын 12 хотод болно. Тэмцээний хэсгийн сугалаа 2013 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 03:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ болох билээ. Тэмцээнийг зохион байгуулагчид 3,3 сая тасалбар худалдаанд гаргасан бөгөөд тасалбар өмнөх ДАШТ-үүдээс хамгийн хямдхан нь байх болно гэж ФИФА-гийн удирдлага мэдэгдэж байв. Тасалбарын хувьд хэсгийн тоглолтууд 290, шөвгийн 16-гийн тоглолтууд 390, Алдарт “Маракана” цэнгэлдэхэд бол 640 евро байх юм. Харин хагас шигшээ тоглолтуудын тасалбар 1140, шигшээ тоглолт 1900 еврогийн үнэтэй зарагдаж байна. Харин хүрэл медалийн төлөөх тоглолт 390 еврогийн үнэтэй байх нь.

Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразил улсад зохиогдох 20 дахь удаагийн ДАШТ “гоолын шугам” технологийг нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Өмнөх ДАШТ-ий дараа хамгийн их маргаан, шүүмжлэл дагуулдаг байсан шүүгчийн буруугаас үүдэн гоол тооцоогүй явдал энэ удаагийн тэмцээнээр төгсгөл болох учиртай. Хөлбөмбөгийн ДАШТ-д 32 орны шигшээ баг оролцдог. Европ тивээс 13, Африк тивээс тав, Ази тивээс дөрөв, эсвэл тав, Өмнөд Америкаас дөрөв, эсвэл таван баг оролцоно. Учир нь Өмнөд Америк тив болон Ази тивийн тавдугаар байраар шалгарсан багууд хоорондоо тоглож, хоёр тоглолтын дүнгээр ДАШТ-д оролцох эрхээ авдаг юм. Мөн Хойд Америкаас гурав, эсвэл дөрөв оролцдог. Далайн орнуудын бүсээс Шинэ Зеланд Хойд Амирео тивийн дөрөвдүгээр байраар шалгарсан багтай тоглож, эрхээ авдаг юм. Эдгээр улсууд дээр тэмцээнийг зохион байгуулагч Бразил нэмэгдсэнээр 32 баг бүрддэг учиртай.

Одоогоор ДАШТ-д оролцох эрхээ аваад буй багууд:

Европ: Бельги, Итали, Герман, Нидерланд, Швейцарь,

Ази: Япон, Өмнөд Солонгос, Иран, Австрали

Хойд Америк: АНУ, Коста Рика, Гондурас 

Өмнөд Америк: Аргентин, Колумб, Эквадор, Чили

Тун сонирхолтой өрнөж байгаа ДАШТ-ий урьдчилсан шатны Европийн бүсийн тоглолтууд энэ долоо хоногт өндөрлөнө. ОХУ-ын шигшээ 21 оноотой F хэсгийг тэргүүлж байгаа бол эл хэсэгт энэ цагийн шилдэг тоглогч Криштиан Роналдугаар удирдуулсан Португал 18 оноотой бичигдэж байна. Энэ долоо хоногийн мягмар гаригт ОХУ Азербайженд зочлох бол  Португаль Люксембургийг хүлээн авч тоглоно.  Мөн Английн шигшээ баг Н хэсэгт 19 оноотой байгаа бол Украйн 18 оноотой нэхэж байна. Украйны шигшээ 2012 оны Европийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатнаас Английг мулталж байсан билээ. Тиймээс “Гурван арслан” мягмар гаригийн шөнө Польшийг хүлээн авахдаа тун хянуур тоглож, заавал хожих ёстой. Польшийн шигшээд алдарт Роберт Левандовски байгаа гэдгийг мартах ёсгүй. Харин Украйн Сан Мариногийн талбайд зочилно. Сан Марино одоогийн байдлаар нэг ч баг хожоогүй байгаа билээ.

Ингээд өмнөх 19 удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий медалийн байдалтай танилцъя. Хөлбөмбөгийн ДАШТ-ээс 19 орны шигшээ баг медаль хүртсэн байна. Үүнээс 10 түрүүг Европ, есөн түрүүг Өмнөд Америк тивийн шигшээ багууд хүртжээ. Хөлбөмбөгийн ДАШТ-д Бразил тав, Итали дөрөв, герман гурван удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг. Харин ДАШТ-ээс хамгийн олон медалийг Германы шигшээ баг хүртсэн байна. Герман гурван түрүү, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нэг удаа дөрөвдүгээр байрт шалгарчээ.

ДАШТ-ий медальт багууд


2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д
Адидас фермийн “Бразука” бөмбөгөөр тоглоно

Эх сурвалж: News week сонин №33


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж