
Харин энэ долоо хоногт та театрт маш сонирхолтой үзвэрүүд үзэх боломжтой. “Оросын балетын одод” Монголын тайзнаа дахин зочилж байна. Тоглолт энэ бямба, ням гаригт буюу аравдугаар сарын 19, 20-ны 17:00 цагт ДБЭТ-т болно.
Оросын балетчдын тоглолтод тус улсын долоон хотоос 20 гаруй уран бүтээлч уригджээ. “Большой театр”-ын гоцлол бүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин “Марийнский театр”-ын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махайлина, “Кремлевский балет” театрын гоцлоочид болох ОХУ-ын Гавьяат жүжигчин Александра Тимофеева, Михаил Мартынюк, Вера Арбузова, “Михайловскийн театр”-ын гоцлооч Андрей Касьяненко, Украйны “Үндэсний театр”-ын гоцлооч Екатерина Ханюкова, Сергей Сидорский, Новосибирскийн Дуурь, бүжгийн театрын гоцлооч Вера Сабанцева, Роман Полковников нарын сонгодгууд дээрх бүжигчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Өнгөрсөн жил мөн “Оросын балетын одод” тоглолтыг Улаанбаатарт зохион байгуулж, “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр”-ын 20 гаруй уран бүтээлч Монголд зочилж байсныг уншигч та санаж буй биз ээ. Монголын үзэгчдийн сонирхлыг маш ихээр татдаг Оросын балетчдын тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын кассаар худалдаж байгааг сануулъя.
Сонгодог урлагаар амьсгалах аравдугаар сарын сүүл үед буюу 27-нд А.Аданы “Жизель” балетыг үзэгч танд санал болгож байна. Уг балетыг анх Монголын тайзнаа 1979 онд тавьж байсан юм.