Эх нялхсын төвд багаж техник дутагдалтай хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Эх нялхсын төвд багаж техник дутагдалтай хэвээр байна

Нийслэлд эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг хамгийн том эмнэлэг бол Эх нялхсын эрдэм шинжилгээний төв . Зөвхөн нийслэлийнхэн төдийгүй хөдөө орон нутгийнхан ч энэ төвөөр үйлчлүүлдэг. Гэтэл тус төвийг тойрсон элдэв таагүй мэдээ, мэдээлэл гарсаар байгаа. Тиймээс Эрүүл мэндийн яамны  менежментийн баг 21 хоногийн хугацаатай ажиллаж, тус эмнэлгийн менежментийг сайжруулах 29 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулсан юм. Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийх зорилгоор ЭМЯ-ны газрын дарга С.Энхболдоор ахлуулсан баг дөрөвдүгээр сарын 1,2-ны өдрүүдэд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ажиллажээ.  
ЭНЭШТ нь төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг гурван  клиниктэй, эх нялхсын талаарх эрдэм шинжилгээний ажлыг улсын хэмжээнд хариуцан ажилладаг эрдэм шинжилгээний салбартай, төрөлжсөн нарийн мэргэжлийн 46 тасаг, улсын хэмжээний үйлчилгээтэй хоёр зөвлөх поликлиниктэй эрдэм шинжилгээ, сургалт, практикийн төв байгууллага юм. Нийт 662 ортой, үүнээс эх барих эмэгтэйчүүдийн клиник 260, хүүхдийн дотрын клиник 254, хүүхдийн мэс заслын клиник 148 ортой бөгөөд нийт 1060 ажиллагсадтай байна. Тус эмнэлэгт жилд дунджаар 28 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 8000 гаруй эх амарждаг ажээ. Тэдний 35 хувь нь хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс байдаг байна. Амбулаториор 152 мянган  үзлэг хийдгийн  32 хувийг нь хөдөө орон нутгаас ирсэн үйлчлүүлэгч эзэлдэг ажээ. Тус төв жилд бүр 9000 шахам эх, хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмчилгээ хийдэг бөгөөд үүний 66,8 хувь  нь хүүхдийн мэс заслын клиник, 33,2 хувь нь эх барих эмэгтэйчүүдийн клиникт хийдэг байна.
Эрүүл мэндийн яамнаас томилогдсон менежментийг сайжруулах багийн зөвлөмж, Италийн Засгийн газрын урт хугацааны зээлээр “ЭНЭШТ-ийн үйл ажиллагааг сайжруулах нь” төслийн мэргэжилтний зөвлөмжийн дагуу төвийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах саналыг ЭМЯ-нд  хүргүүлээд байгаа ажээ.
ЭНЭШТ-ийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гарсан зөрчлүүдийг арилгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр 29 ажил төлөвлөсний биелэлтийн дундаж 88,9 хувьтай байна гэж салбарын яам дүгнэжээ.
Ихэнх тасгууд орны тооноос давсан ачаалал ихтэй ажиллаж, ялангуяа хүүхдийн зөвлөх поликлиник болон нөхөн үржихүйн зөвлөх поликлиникт үйлчлүүлэгчид ихтэй, орон байр болон хүн хүчний хувьд хүрэлцээгүй байдал ажиглагдсан байна.  2009 онд Нөхөн үржихүй зөвлөх поликлиникт удам зүйн кабинет шинээр нээж эмчийн орон тоог батлан бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилласнаар дауны хам шинжтэй 60 хүүхэд, тернерийн хам шинж тавыг шинээр оношлон, бамбай булчирхайн дутмагшил илрүүлэх шинжилгээг 40 хүүхдэд хийж, эмэгтэйчүүдийн кабинетын эмч эмэгтэйчүүдийн  умайн хүзүүний өмөнгийн урьдал үеийг оношлогоог эхо аппарат ашиглан хийж, шаардлагатай тохиолдолд цууны хүчлийн сорилыг ашиглан оношлогоо хийж, хөлдөөх аргыг шинээр эмчилгээнд нэвтрүүлэн ажиллажээ.
Тус эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эрчимт эмчилгээний тасаг есөн ортой боловч 11 хүн хэвтэн эмчлүүлж байв. Тухайн тасагт монитор, хүчилтөрөгчийн аппарат, пульсоксиметр зэргийн  багаж хэрэгслийг тус бүр гурвыг өнгөрсөн онд шинээр авсан боловч ор болгонд хүрэлцэхгүй байгаа гэж мэргэжилтнүүд өгүүлж байлаа. Дефибриллятор багаж хэт хуучирсан, цэнэг авдаггүй тул байнга цахилгаанд залгадаг бөгөөд зарим яаралтай үед гацаж доголдох тохиолдол гарчээ. Мөн хүүхдийн мэс заслын тасагт бобровын аппарат дутагдалтай байлаа. Италийн Засгийн газрын урт хугацааны зээлээр хэрэгжих “ЭНЭШТ-ийн үйл ажиллагааг сайжруулах нь” төсөл хүлээгдэж байгаатай холбогдуулан эрчимт эмчилгээний тасгийн тоног төхөөрөмжийн хангалт, их засвар хойшлогдож байгаа тул энэ төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлж,эхлэх шаардлагатай байна гэж салбарын яамнаас дүгнэсэн байна.
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж