
Европын холбоог үндэслэгч орнуудын нэг Бүгд найрамдах Итали улстай эдийн засаг, худалдааны салбарт хамтрах боломж бүрдлээ. Тодруулбал, Монгол-Итали улсын хамтарсан бизнес уулзалтыг аравдугаар сарын 15-ны 10.00 цагт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулахаар болсон байна. Италийн талаас бизнес уулзалтад барилгын материал, тавилга, машин техник, архитектур, худалдаа, аялал жуулчлал, усны дулааны технологи ашиглалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, хуулийн компаниудын төлөөллөөс ирж, Монголын компаниудын төлөөлөгч нартай уулзан санал солилцох, улмаар хамтран ажиллах ажээ. Түүнчлэн Монголын компаниуд, банк санхүү, даатгалын байгууллагуудад зөвлөгөө өгөх юм байна.
Итали улс нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд долдугаарт, Хүний хөгжлийн индексээр 17 дугаарт ордог өндөр хөгжсөн орнуудын нэг юм. Тиймээс худалдааны салбарт хамтран ажиллаж, Монголын экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх нь гадаад зах зээлд нэвтэрч, байр сууриа эзлэхэд тус нэмэр болох тухай албаныхан онцоллоо.
У.БОЛОР