Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Г.Уянгыг суллажээ

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс өнөөдөр өглөө Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч Г.Уянгыг албадан байцаахаар авч явсан нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Г.Уянгыг баривчлан байцаах болсонтой холбоотойгоор  МАХН-ын гишүүд болон Ард түмний амлалт нэхэх холбооныхон төв талбайн зүүн талын буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өмнөх замыг 30 минут хаахаар болоод байсан ч дөнгөж сая авсан мэдээллээр түүнийг суллажээ.

Г.Уянгыг “Тусгаар тогтнол эвсэл”-ийн зохицуулагч Л.Баярхүүгийн хамт гэрээсээ гарч ирэх үед нь буюу 11:32 цагт  “63-77 УБХ” улсын дугаартай микроавтобуснаас гурван цагдаа гарч ирэн, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан байна. Тэднийг мөн жийп машин дагаж явсан гэж Л.Баярхүү хэлэв. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн өмнө Ард түмний амлалт нэхэх холбооны гишүүд “Г.Уянгыг сулла” хэмээн шаардаж, жагсаал хийсэн тухай манай сурвалжлагч мэдээллээ.

Г.Уянга суллагдсан даруйдаа Сүхбаатарын талбайд ирсэн байна. Түүнийг нөхөр А.Баатархуяг нь дагалдан явж байжээ.

Баянгол дүүргийн цагдаагийн газрын зүгээс "Г.Уянгыг баривчилсан нь Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаал, цуглаантай хамаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй холбоотой хэргээр өмнө нь удаа дараа мэдүүлэг өгөхийг уламжилсан ч өнөөг хүртэл мэдүүлэг өгөөгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу албадан байцааж, мэдүүлэг авах гэсэн" хэмээх тайлбарыг өгч байна.

Г.Уянгын хувьд сэтгэл санааны цочролд орсон тул өнөөдөр байцаалт өгөх боломжгүй байсан ба "Өмгөөлөгчийн хамт цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх хүсэлтэй байна" гэдгээ уламжилжээ.

Яг энэ үед болсон өөр нэг шинэ мэдээлэл хүргэхэд, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр Дээд шүүхийн холбогдох хүмүүст МАХН нэрийг хууль ёсны дагуу олгохыг шаардсан бичиг хүлээлгэж өгчээ.

Л.Наран

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж