Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 2013 оны Монгол Улсын төсвийн тодотголын тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барьлаа. Үүнд, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна.
Нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын орлого, зарлагын хэмжээг өөрчлөх, тогтворжуулалтын сангийн орлогын хэмжээг тус тус шинэчлэх зэрэг заалтуудыг тусгасан байна. Хууийн төсөл батлагдсанаар үүсч буй төсвийн орлогын тасалдал нөхөнгдөж, санхүүжилт тасалдахгүйгээр хангагдах боломжтой гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцоллоо.
Ш.ЧИМЭГ