Төсөв “гоё” зардлаа хэмнэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

Төсөв “гоё” зардлаа хэмнэх хэрэгтэй

Монгол Улсын төсвийн хамгийн үр ашиггүй зардал нь хаана байдаг вэ? гэсэн асуултад "урсгал зардал болон бүтээн байгуулалтын тендерт зарцуулагдаж байгаа" хэмээн Засгийн газрын тэргүүн хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны төсвийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа энэ үед Монгол Улсын орлого, зарлага ямар байх, үргүй зардал хаана их гарч байгааг сонирхохгүй өнгөрч боломгүй.

Ганцхан жишээ дурьдая. Завхан аймагт гурван Соёлын төвийн барилга барихаар зураг төслийг нь хийж, төсөвт суулгахаар оруулж ирж. Гэтэл төсөв нь 1-3 тэрбум төгрөг байхаар төсөвлөгджээ. Яагаад яг ижилхэн Соёлын төвүүд гурван өөр өртгөөр босох болж таарах вэ? Энэ асуултад албаныхан “Зураг төсөл нь өндөр үнээр хийгдсэн” гэсэн хариулт өгч байна. Бас нэг жишээ, дөрвөн аймагт 320 хүүхдийн сургууль барихаар төлөвлөхдөө 1,2-2,6 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар тусгуулжээ. Үүний шалтгаан нь мөн л зураг төсөл гэнэ. Энэ мэт барилга, байгууламж дээр мөнгө идэх хамгийн амархан арга нь зураг төсөл байдаг нь нууц биш гэдгийг Ерөнхий сайд нэгэн уулзалт дээр онцолсон юм. Хэрэвзээ үр ашигггүй хөрөнгө оруулалтын зардлыг танахгүй бол ирэх онд нэг ч бүтээн байгуулалтын барилга босохгүй бололтой. Тиймээс энэ удаагийн төсөвт ч мөн үр ашиггүй хөрөнгө оруулалтыг бууруулж, зардлаа хэмнэхээр тусгажээ.

Төсөвт зарлага гаргаж буй дараагийн нэг зүйл нь төрийн өмчийн барилгууд. Сангийн яамныхан өмнө нь дөрвөн давхар байшинд багтаж байсан бол одоо есөн давхар барилгатай болсон ч ажилчид нь багталцахгүй байгаа гэсэн гомдлыг засагт хүргүүлжээ. Хотын удирдлагууд ч мөн олон давхар өндөр барилга бариулаад ч багтахгүй байгаа учраас дахин нэг барилгыг хотын мэдэлд шилжүүлэх гэж байгаа бололтой. Энэ мэтчилэн төрийн өмчийн олон барилгууд өнгө үзэмжээ нэмж, орон тоогоо нэмэхийн хирээр зардал нэмэгддэг юм байна. Сангийн яамнаас гаргасан судалгаагаар нэг төрийн өмчийн барилга шинээр ашиглалтад ороход жилд 100 орчим тэрбум төгрөгийн зардал гардаг гэх. Үүнд ус, дулаан, цахилгаан гэх мэтийн зардлууд багтана.

2013 онд Монгол Улс 7,4 их наяд төгрөгийн зардал гаргана гэж тооцоолсон бол ирэх жилд буюу 2014 онд 7,2 их наяд төгрөгийн зардал гаргахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, 200 тэрбум төгрөгийн зардлыг танасан байна. Олон тэрбумаар яригдах тендер, шинэ барилга мэтээр төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх нь хамгийн чухал гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод буй. Төсөвт гоё барилга, тендер нэрээр завшигчид “амаа татаж” ажиллахгүй бол хаа хаанаа хяналт чангарч байгаа гэдгийг анхааруулахад илүүдэхгүй биз. Зөвхөн мэдэгдэж байгаа, ил тод нь энэ болохоор өөр ямар аргаар төсвийн зардлыг нэмэгдүүлж, мөнгө иддэг нь тодорхойгүй байна. УИХ-ын чуулганаар яг энэ өдрүүдэд 2014 оны төсвөө хэлэлцэж  байгаа. Сөрөг хүчний зүгээс төсвийн төслийг дахин боловсруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа ч төсвийн хэлэлцүүлэг өрнөсөөр л байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж