Сайд Х.Баттулгын мэдээллээр үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан малчдад зориулж 2011 онд 9.9 тэрбум төгрөгийн, 2012 онд 29.4 тэрбум төгрөгийг тус бүр олгожээ. Харин 2013 онд ноосны урамшуулалд зориулж 25 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Дээрх арга хэмжээний хүрээнд малаас жил бүр гардаг үнэт түүхий эдийг хаягдалгүй ашиглах, үндэсний үйлдвэр, цехийг түүхий эдээр бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг дагуулжээ.
Тэгвэл 2011 онд ноолуур боловсруулах 36 үйлдвэрт 97.8 тэрбум төгрөгийн, ноос боловсруулах 22 үйлдвэрт 28.7 тэрбум төгрөгийн, 2012 онд ноолуур боловсруулах 4 үйлдвэрт 2.4 тэрбум төгрөгийн, ноос боловсруулах 6 үйлдвэрт 4.7 тэрбум төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй олгожээ. Ингэснээр ноолуурын салбарт түүхий эд бэлтгэлийн хэмжээ 3 дахин өсч, 1600-аад ажлын байр шинээр бий болж, үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувийг ашигладаг болж, борлуулалтыг нь 2 дахин өсгөсөн байна. Ноолуурын үйлдвэрүүдийн татвар төлөлт 2010 онд 9.8 тэрбум байсан бол 2012 онд 18.2 тэрбум төгрөг болж өсчээ.
Ноосны урамшуулал үр дүнгээ өгсөн үү?
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонссон юм. УИХ-аас баталсан дээрх тогтоолоор ноос, ноолуурын салбарыг дэмжих, ажлын байр бий болгох, үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан малчдад урамшуулал олгохоор болж нийт 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах эрхийг Засгийн газарт өгч байв.
Г.ДАРЬ