Уран зохиолын Нобелийн шагнал ухаарал төрүүлсэн, энгийн, уянгын өгүүллэгүүдэд очлоо. Тэр нь өдөөн хатгалт уу эсвэл хүний ердийн амьдралыг сануулсан хэрэг үү? хэмээн РИА Новости агентлагийн улс төрийн тоймч Дмитрий Косырев бичжээ.
Фото: AFP 2013/ Peter Muhly
РИА Новости агентлагийн улс төрийн тоймч Дмитрий Косырев Нобелийн уран зохиолын шагналтан болон шагналын хорооны талаар бичжээ.
"Чи чинь ингэхэд хэн сэн билээ?" Дөнгөж сая 2013 оны уран зохиолын Нобелийн шагналын эзэн болсон Канадын зохиолч эмэгтэй Элис Мунрогийн өгүүллэгийн нэр юм л даа. Зураглалаа номын дэлгүүрээс үргэлжлүүлье. Уран зохиолд хамаатай Нобелийн хорооны мэдээг тэндээс өөр хаанаас авах билээ? Мэдээж, номын дэлгүүрт. Энэ бол дэлхийн аваргын ямар нэгэн тэмцээний шигшээг спорт-бааранд үзэхтэй адил зүйл билээ. Хөөрөл, хүлээлт, ялагчийг зарласны дараах агшин…
Ингээд, Москвагийн шилдэг хоёр номын дэлгүүрийн нэгээр шагайя. Оросдоо ч сүүлчийн дэлгүүр нь биш байх. Өмнөх жилүүдэд шагналтны нэр зарлагдангуут дэлгүүрийн ажилтнууд нэрийг нь самбарт бичээд зохиогчийн номнуудаас хүнд харагдахаар газар тавьдаг байлаа. Тэр нь худалдааг нь нэмэгдүүлж чаддаг байсан эсэхийг мэдэхгүй.
Энд арван секундын өмнө уран зохиолын Нобелийн шагналтан тодорсон ч танил нэвтрүүлэгчийн хоолойгоор зарласан спорт-баарны үнэр ч алга…Тийм зүйл огт байсангүй.
Энэ жилийн хувьд зураглал нэг л уйтгартай. Дэлгүүрийн менежерүүд интернэт нэлээн ухаж, овгийг нь Мунро эсвэл Манро гэж бичих үү хэмээн тодруулж байснаа тийм зохиолчийн бүтээл манай дэлгүүрт байхгүй, ирж ч байгаагүй гэж дуулгалаа. Нобелийн шагналтны ганц ч өгүүллэг алга.
Англи хэлтэй орнуудын “дэлхийн нийслэлийн” номын дэлгүүрүүдэд ч байдал мөн л адил байх гэсэн сэжиг төрөх юм. Тийм л зохиолчийг сонгоод авчээ. Тиймээс Нобелийн хороонд та минь ээ, та нар юу бодож олоо вэ ? гэсэн асуулт тавимаар байна.
Сүүлийн жилүүдэд Нобелийн “хүмүүнлэгийн” гэгдэх “уран зохиол”, “энх тайван” номинацийн шагнал нь уран зохиолын шилдэг сонголт гэж санагдуулахааргүй болсон. Энх тайвны талаар хэлэх ч зүйлгүй, тэр нь нэн түрүүнд “гайхамшигт хүмүүсийн амьдрал” цувралыг санагдуулж байгаа. Тэд энх тайванчид уу эсвэл үгүй юу гэдэг нь өөр асуудал болно.
Хороо нь дэлхийн уран зохиол судлаачдын нүгэлгүй ареопаг (Ареопаг нь (Англи хэл:Areopagus) Эртний Афины онц дээд шүүх юм. Шүүх ажиллагаа нь Ареопаг (Арес толгод) гэх газарт явагддаг байсан тул ийн нэрлэжээ) биш, тэд хойд Европын зах хязгаарын жижигхэн бүлэглэл болсон гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр, иргэншлийн (барууны) зах хязгаарын дуу хоолой гэсэн үг юм. Хороо өөрийн байдлын онцлогийг сайн мэдэрдэг учраас тодорхой шийдвэрээс зугтан бараг өдөөлт маягийн сонголт хийдэг нь эртнээс тодорхой болоод байгаа.
Уран зохил дахь өдөөн хатгалт нь нэн түрүүнд улс төрийн агуулгатай. "Нобелийг" Борис Пастернакт (1958 он) өгсөн сонгодог тохиолдол байна. Түүний хайр сэтгэлийн тухай агуу шүлгүүдэд биш, минийхээр бол түүний хамгийн муу бүтээл "Доктор Живаго" гэсэн романд нь, түүнийг тойрсон түүхэнд нь олгосон юм.
Фото: AFP 2013/ Michal Cizek
Нэр дэвшигчдийн жагсаалтад энэтхэг гаралтай, “дэлхийн иргэн” Салман Рушди байв. Шинэ "Жозеф Антон" номдоо зохиолч өөрөө зохиогчийн эрхээ бүдүүлэг харанхуйчуудаас хамгаалж, эцэст нь ямар дуулиантай учирсан санаагаа өгүүлсэн байгаа.
Их хүчтэй зохиолч учраас Нобелийг түүнд өгөх нь хэтэрхий тодорхой хэрэг болно. Түүнтэй энэ тэнцэхээр зохиолч бол Харуки Мураками. Ингээд тэдний хэнд ч шагнал очсонгүй. Учир нь тийм сонголт зүгээр л уйтгартай байх байсан байлгүй.
Уйтгартай биш сонголт гэдэг нь бүгд л одоогийнх шигээ суугаад “хороо юуг хэлээд байна вэ?” гэж тааварлахыг хэлэх байх. Өнгөрсөн оны сонголт ойлгомжтой байв. Хятадын зохиолчид сайн гэдгийг барууны иргэншил хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Жишээлбэл, шагнал авсан Мо Янь. Унших хэрэгтэй. Тэгээд л хороо энэ тухай өөрийн европчуудад, иргэншлийнхээ ахан дүүст сануулсан юм.
Фото: REUTERS/ Ralph Orlowski
Харин энэ жилийн хувьд… таах гээд үзье. Англо-саксийн байгаль дэлхийг шүтсэн үнэт зүйлс байгааг бидэнд сануулах гэсэн байгаа юм болов уу? Түүний мартаж болохгүй гэсэн юм уу? Өдгөө 82 настай Элис Мунрогийн бүхий л намтар үүнийг л өгүүлнэ. Гайхамшигт амьдрал: их сургууль, өөрийн номын дэлгүүр, олон хүүхэд, өгүүллэгүүд, түүврүүд… Канадаас өөр газар очиж байсан нь цөөхөн. Ингээд л болоо.
Цэцгийн мандал дахь Хонин нүдэн цэцэг
Хэдэн жилийн өмнө Нобелийн хороо номинацид нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны дараа хүмүүс шоглоом болгон шагналд яг таарах нэр дэвшигчийн хөргийг гаргасан байлаа. Тэр нь Өмнөд Африкаас гаралтай португаль-зулусс үндэстний эмэгтэй байсан бөгөөд Хойд Солонгост ажиллаж амьдардаг байв. Болдогсон бол уламжлалт биш сексийн баримжаатай, нэг хөлтэй байвал зүгээр байсан юм.
Элис Мунрог сонгосон шалгуур нь яг тэр болж байна. Гэхдээ огт эсрэгээр. Ямар нэгэн ер бусын цэцэг биш зөвхөн Онтарио муж дахь нэгэн модон байшингийн цэцгийн мандлын хонин нүдэн цэцэг. Хонин нүдэн цэцэг бас хэрэгтэй гэдгийг Стокгольмын хороо анхааруулжээ.
Элис юу бичсэн бэ? Хүний ердийн амьдралын ухаарал төрүүлсэн, ухаалаг, уянгалаг өгүүллэгүүд. Дүрсэлвэл жүжиггүй Чехов шиг. Тэрслүү, эр оронгүй хүмүүс байх албагүй. Дэлхийд Элис шиг зохиолчид бас хэрэгтэй.
Элис Мунрог одоо шагналтай нь хамт унших нь улам ч таатай байх байлгүй. Ямар нэгэн амьдрал, ямар нэгэн зүйлд сургадаг шүү дээ.
Фото: REUTERS/ Mike Cassese/Files
Түүний намтраас хоёрын зэргийн онцлогыг аваад үзье. Тэрээр өгүүлэл бичдэг. Өгүүлэлүүд нь Канад, Америкийн олон сэтгүүлд хэвлэгддэг. Ийм маягаар муугүй амьдарч болно.
Тэр сэтгүүлийн хүчирхэг давалгаа нь хэзээ нэгэн цагт бидэнд Чехов, Куприн, Бунин, Гринийг төрүүлсэн билээ. Тэд бүгд л өгүүллэгээр амьдарч байлаа. Харин одоо тэд Канадад төрж, тэнд уншдаг харин бидэнд үгүй болжээ.
Элис Мунро Британийн Колумбийн их сургуульд зохиолч-резидентээр ажилласан юм. Жишээлбэл, одоо Москвагийн их сургуульд тийм тушаал байна уу?
Хэрэв энэ удаа Нобелийн хороо ямар ч нийгэмд үнэлэхүйц сэхээтэн гэсэн давхарга байгааг, уг давхаргад ямар орчин хэрэгтэйг сануулж байгаа бол Нобелийн хорооны туршилт зөв болжээ.