Кувейтчүүдэд харилцан ашигтай хамтрахыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Кувейтчүүдэд харилцан ашигтай хамтрахыг санал болгов

Кувейт улсад айлчилж байгаа Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өчигдөр Кувейтийн сангийн захирал Абдулвахаб Аль-Бадер болон Кувейтийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дарга Али Цуэаян Аль Ганим нартай уулзлаа. Хотын даргын энэ өдөр хийсэн эдгээр уулзалт нь нийслэлээс санал болгон бэлдсэн 44 төсөл, хөтөлбөрийг кувейтчүүдэд санал болгон хамтран ажиллах зорилготой байлаа.

Кувейтийн сан нь 1990-ээд оноос Монгол Улсад зээл тусламж үзүүлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Тус сангийн харилцаа хамтын ажиллагаа Монгол Улсын хөгжилд зохих хувь нэмрээ оруулж ирсэнийг Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяр онцлоод уул уурхайн томоохон орд газруудыг ашиглаж эхэлж байгаатай холбоотойгоор Монгол Улс, түүн дотор нийслэл хот хөгжлийн шинэ үедээ ирээд байгаа гэлээ. Хэдийгээр эдийн засгийн хөгжлөө дагаад Монгол улсад ихээхэн өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгаа ч шийдвэрлэх асуудлууд байсаар байгаагийн нэг нь улаанбаатарчуудыг орон сууцаар хангах явдал гэдгийг Г.Мөнхбаяр онцоллоо. “Энэ онд хийгдсэн хүн амын тооллогоор Улаанбаатар хотод нэг сая 153 гурван хүн оршиж байгаа нь нийт хүн амын 45 хувь юм. Эдгээр оршин суугчдын 62 хувь нь орон сууцжуулах шаардлагатай гэр хороололд амьдарч байна. Хүйтэн сэрүүний улиралд гэр хорооллын оршин суугчид түүхий нүүрсийг ихээр түлшинд хэрэглэж, нийслэлийн агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд очоод байна. Тиймээс Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал нь орчин үеийн шаардлагад нийцсэн орон сууцаар хангах болоод байна. Орон сууцаас гадна хөрөнгө оруулалт шаардсан олон ажил хийх шаардлагатай байгаа. Гэхдээ бид хэн нэгнээс мөнгө гуйх биш харилцан ашигтай хамтран ажиллах саналыг тавьж хөрөнгө оруулагчдыг татах зорилготой байна” хэмээн Г.Мөнхбаяр хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлээд байгаа бөгөөд үүнийн 300 тэрбум нь нийслэл хотод орон сууцны хороолол барихад зарцуулагдах болоод байгааг мөн энэ үеэр дуулгалаа. 

Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Концессийн хуулийн дагуу төр болоод хувийн хэвшлийн хамтын ажиллагааг харилцан ашигтай хийх боломж бүрдээд байгааг Улаанбаатар хотын захирагч онцлоод энэ дагуу хийгдсэн 44 санал, төсөлтэй ирсэнээ Кувейтийн талд өглөө. Мөн ирэх тавдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод хөрөнгө оруулагчдын уулзалтыг хийх гэж байгааг дуулгаад Кувейтийн сангийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирж оролцохыг урилаа.

Кувейтийн сангийн захирал Абдулвахаб Аль-Бадер кувейтчүүд монголчуудтай хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгаагаа хэллээ. “Бид дэд бүтэц, эрчим хүч болон нийгмийн салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчлах үеэрээ Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг барих саналыг тавьсан. Бид саналыг нааштай хүлээн авч одоо Монголын талаас ирэх илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүлээж байна” гэлээ. Хэдийгээр хоёр орны хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа ч зарим асуудал дээр Монголын тал шуурхай ажиллахгүй тал байгааг дуулгаад авсан. Кувейтийн сангийн захирлын хэлсэн гомдлын үгийг Кувейтийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дарга Али Цуэаян Аль Ганим мөн хэлсэн нь монголчуудын назгай байдлыг шүүмжилсэн хэрэг байлаа.

Ноён Али Цуэаян Аль Ганим хэдийгээр Монгол-Кувейтийн харилцаа хөгжиж байгаа ч эдийн засгийн харилцаа чамлалттай байгааг хэллээ. “Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгаа. Манай хоёр улсын хооронд худалдааны эргэлт болон хөрөнгө оруулалт бараг алга. Энэ байдал хоёр орон газар нутгийн хувьд алс оршиж байгаа учраас шууд харилцах боломжгүй байгаагаас үүдэлтэй.

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр концессийн журмаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Монголд хараахан зочилж амжаагүй байгаа ноён Али Цуэаян Аль Ганимийг ирэх сард товлогдоод буй Улаанбаатар хотод хөрөнгө оруулагчдын уулзалтад Кувейтийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн дарга өөрийн биеэр багаа дагуулан хүрэлцэн ирэхийг урилаа. Ноён Али Цуэаян Аль Ганим Улаанбаатар хотын захирагчийн урилгыг талархан хүлээн авч ойрын нэг сарын хугацаанд Монголд хөл тавихаа хэллээ. Мөн тэрбээр монголчуудын хамтран ажиллах саналыг өөрийн танхимийн 79 мянга гаруй гишүүдэд танилцуулахаа амлалаа.

Эдгээр уулзалтын дараа Г.Мөнхбаяр Кувейт хотын бохир ус цэвэршүүлэх байгууламжтай танилцлаа. Энд өдөрт 425 метр куб ахуйн бохир усыг цэвэршүүлэн гаргадаг бөгөөд дэлхийд томд орох байгууламж юм. Кувейтчүүдийн хэрэглээний усны 60 хувийг эндээс хангадаг байна. Цэвэршүүлээд гаргасан ус нь шууд унданд хэрэглэх бүрэн боломжтой ч ахуйн бохир усыг цэвэршүүлсэн учраас хүмүүс сэтгэл зүйн хувьд төдийлөн хүлээж авч чаддагүй учраас газар тариалн болон хотын ногоон байгууламжийн услалтад хэрэглэдэг байна. Энд нийлүүлж буй 100 метр куб усны 83 хувийг цэвэршүүлэн эргэж ашигладаг бөгөөд 21 хувь нь лаг, 15 хувь нь цэвэршүүлэх боломжгүй бохир ус байдаг аж. Лагаа хатаан бордоо болгон ашигладаг бол цэвэршүүлэх боломжгүй усыг далай руу асгадаг байна.

Тодруулга:

Кувейтийн сан 1961 онд байгуулагдсан. Сангийн зорилго ньхөгжиж буй орнуудад техникийн болон санхүүгийн тусламж үзүүлэх. Эхний үед Арабын орнуудын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1974 оноос хөгжиж буй бусад орныг хамарч, үндсэн хөрөнгийн хэмжээ 200 саяас хоёр тэрбум кувейт динарт /нэг кувейт динар 4500 төгрөгтэй тэнцэнэ/ хүрсэн. 1990 оноос хуучин ЗХУ, Зүүн Европ, Латин Америкийн орнуудад тусламж үзүүлэх болсон. Кувейтийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим 1955 онд байгуулагдсан. Одоогоор 79 мянган гишүүнтэй юм. 

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж