Аймгуудынхaа Засаг даргыг хэзээ томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Аймгуудынхaа Засаг даргыг хэзээ томилох вэ?

Өвөл хаяанд иржээ. Хэн хүнгүй өвөлжитийн бэлтгэл ажлаа базааж эхэллээ. Гэтэл хоёр аймаг Засаг даргагүй Тэгвэл 2012 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр хоёр аймаг Засаг даргагүй байсаар багагүй хугацаа өнгөрчээ. Энэ нь Хөвсгөл, Дорнод аймаг.  Харин энэ асуудлыг Ерөнхий сайд  “Одоо надаас шалтгаалах зүйл байхгүй. Би үүрэг гүйцэтгэгч нараа бүгдийг татсан. Хөвсгөл аймгийн хувьд хуучин дарга нь байгаа. Дорнод аймгийн хувьд ИТХ-аа хуралдуулаад Засаг даргаа сонго гэсэн ч дотроо хагаралтай учраас шийдэгдээгүй байна” гэсэн хариултыг өгөв. Юу ч болж байсан над падгүйн үлгэр шиг Ерөнхий сайдад хоёр аймаг Засаг даргагүй байхад хамаагүй гэнэ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Орон нутгийн сонгуулиар Дорнод аймагт МАН олонхи болсон. Аймгийн намын хорооны дарга М.Бадамсүрэнг Засаг даргаар томилох шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлсэн ч батламжлаагүй. М.Бадамсүрэнг төрийн албанд гурваас дээш жил ажиллаагүй гэсэн шалтгаанаар батламжлахаас татгалзсан.  Тиймээс одоо удирдаж буй Ц.Жанлавыг ИТХ-аас нь томилоод буй.Ерөнхий сайд тухайн үедээ аймгийн АН-ын хорооны дарга Д.Цэрэнчимэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч эргүүлэн татсан. Засаг даргын маргаантай байх хооронд өвөл хэдийнэ хаяанд ирж, өвөлжилтийн бэлтгэл ажил хаалга тогшиж байна. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Дорнод аймгийн Булган суманд их хэмжээний гал гарч, 10 гаруй айл орон гэргүй болсон дуулдана. Гэтэл хариуцах эзэнгүй энэ аймагт энэ өвөл хэрхэн өвөлжих, гал гарсан асуудлыг хэн хариуцах, орон гэргүй болсон хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоо болтол тодорхойгүй байсаар. Жил гаруй хугацаанд өнгөрсөн Засаг даргын асуудлыг сонгогдсон гишүүд нь хааяа нэг тойрогтоо очиж “шоудах”-ыг эс тооцвол толгойгүй Дорнодын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Н.Алтанхуяг сайдын хэлснээр Дорнод аймгийн ИТХ нь хурлаа хуралдуулж чадахгүй, дотроо хагаралтай байгаа гэсэн. Тэгэхээр Дорнодын хувьд дан ганц Ерөнхий сайд томилохгүй байгаатай холбоотой биш бололтой.

Дараагийн “засаггүй” аймаг бол Хөвсгөл. Бүтэн жил гаруй хугацаанд засаггүй байсан Хөсвгөл өнгөрсөн хавар 18 мянган малаа зуданд “туучихсан”. Одоогоор өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгийн тоонд орчихсон яваа.  Энэ зун Хөсвгөл аймагт хийх хөрөнгө оруулалт зогссон, өвөлжитийн бэлтгэлийг хэрхэн хангах гээд олон асуудал тулгарч байгаа ч толгойгүй байсаар байна. Хөвсгөлийн хувьд хуучин Засаг дарга Ц.Цэрэнжав удирдаж байгаа гэх боловч ИТХ-аа ч хуралдуулж чадахгүй, нэг хэсэг нь Засаг даргаа эсэргүүцэж, нөгөө хэсэг нь хүлээн зөвшөөрсөөр бас л нэг жилийг ардаа орхисон. Ерөнхий сайд мөн л түр орлон гүйцэтгэгчийг томилсон ч үүнийг эсэргүүцэж, эргүүлэн татсанаар Хөвсгөл аймгийнхан албажуулсан даргагүй яваа. ИТХ нь АН, МАН гэж талцаад, Засаг даргаа хүлээн зөвшөөрөхгүй байсаар.

Хоёр аймаг Засаг даргын асуудалтай байхад Ерөнхий сайд нь “Одоо энэ хоёр аймгийн талаар надаас ам асуух хэрэггүй. Би үүрэг гүйцэтгэгч томилсноо буцаагаад авчихсан. Одоо өөрсдийнх нь шийдэх асуудал” гээд хариулаад сууж байх нь зүйд хэр нийцэх юм бол доо. Засгийн газрын тэргүүнд падгүй асуудал юм бол хоёр аймгийн албажуулсан Засаг даргагүй байх хэнд хамаатай гэж. Зөвхөн тухайн аймгийн иргэдэд хамаатай асуудал биш л байлтай.   
 

  Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж