
Бүсгүй ямар учраас бусдын аминд хүрэх болов?
Хуурч мэхлэхийг нь тэвчиж цөхөрсөн гэх сэжигтэн Ц.Туяа нь татварын байцаагчаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа аван гэртээ хүүхдээ харж байсан гэлцдэг. Тэрээр өөрийн нөхөр Д.Батболдтой удтал нууц амрагийн харилцаатай байсан талийгаачийг энэ асуудлаа зогсоохыг гуйж, эцэстээ тэвчээр нь алдарсандаа эл хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Тэрбээр “Би хоёр настай хүүгээ харж, асардаг байсан. Гэтэл бараг жилийн өмнөөс нөхөр маань талийгаачтай уулздаг, учирдаг болсон гэх яриа чих дэлсэн болсон. Би өмнө нь хэд хэдэн удаа нөхрөөс минь холдохыг тэр хүүхнээс гуйсан. Гэвч миний хүсэлт, гуйлтыг ер хүлээж авалгүй, нөхөртэй минь улам л дотноссон. Тэвчээр алдахдаа согтууруулах ундаа ихээр хэрэглэж, нэг мэдэхэд л гэрийнх нь үүдэнд очсон байсан. Уулзсанаас хойш юу болсныг үнэхээр санахгүй байна. Нэг мэдэхэд л гар минь нилэнхүйдээ цусанд будагдсан байсан” гэж мэдүүлсэн байдаг.
Хохирогч бүсгүйн хувьд 31 настай, Чингэлтэй дүүргийн татаварын хэлтэст хяналтын байцаагчаар ажилладаг. Ээж, аав, хүүгийн хамт амьдардаг байсан юм билээ.
“Нууц ноётон” нэгэнт ил болсон
Ид хийж бүтээн, амьдралын сайхныг мэдрэх насандаа явж байсан хоёр бүсгүйг нэгийг нь шороонд, нөгөөг нь шоронд “хатаах”-д хэн буруутай вэ. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болох Д.Батболд. Д.Батболд нь анхны эхнэр, хүүхдээсээ салж Ц.Туяатай хамтран амьдарч, үрийн зулай үнэрлэх үеэс эхлэн талийгаачтай нууц амрагийн харилцаа тогтоожээ. Тэрээр Уул, уурхайн яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын алба хашдаг байсан ч энэ хэрэг болсны дараа нэг жилийн чөлөө авсан талаар эх сурвалж хэлж байгаа юм. Хоёр бүсгүйд ижил өнгийн “Volkswagen Touаreg” маркийн автомашин бэлэглэсэн гэдгийг түүний ойрны эх сурвалжууд баталдаг. Төрийн алба хашдаг хэлтсийн дарга чухам ямар мөнгөөр хоёр бүсгүйд чамгүй үнэтэй автомашин бэлэглэн гэдэг нь асуулт хэвээр үлдсэн.
Д.Батболд “Би юу ч ярихгүй”
Өмнө болсон шүүх хуралд ирсэн Д.Батболд "Би юу ч ярихгүй" гэдгээ хэвлэлийнхэнд хэлсэн. Тэрээр өнөөдөр хэргийн талаар ямар мэдүүлэг өгөх нь олны анхаарлыг татаж байна. Мөн шүүх хурлын үеэр талийгаачийн ээж “Алуурчинд цаазын ял оноо. Ямар ч буруугүй сайхан охиныг минь энэ хүүхэн алсан. Хэрэв цаазын ял оноохгүй бол эцсээ хүртэл тэмцэнэ” гэж чангаар орилж, шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрийг эсэргүүцэж байсан юм.
Цаазын ял оноох уу?
Прокурорын байгууллагаас сэжигтэн бүсгүйд өс хонзонгийн сэдэлтэйгээр бусдын амь насыг санаатайгаар буюу урьдчилан бэлтгэж хөнөөсөн гэх хэрэгт буруутгасан байна. Шүүхээс гэм буруутайг нь тогтоовол Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12 дүгээр зүйлд заасны дагуу 15-20 жилийн хорих ял эсвэл цаазаар авах ял оноох юм. Гэвч эмэгтэй хүнд цаазын ял оноопоггүй гэдгийг ч мөн албаныхан хэлж байгаа юм.