Үзэгч сонсогч бол урлагийнхны тусгал

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Үзэгч сонсогч бол урлагийнхны тусгал

Энэ хоёр том тоглолтоос бид үзэгчдийн урлагийн боловсрол, мэдрэмж, хүсэл, сонирхлыг харж болохоор байсан. Бас урлагийнхан бид нар үзэгчдэдээ юу өгч байгаагаа, юу хийж байгаагаа, юуг орхигдуулснаа олж харах ёстой.

Дуучин Б.Амархүү шинэ дугаарын зочдын нэгээр уригдлаа.

-Та бол залуу уран бүтээлч.Тэгэхдээ нийтлэг, чөлөөтэй, нээлттэй хүн байх гэж би таныг бодож байна.Тийм болохоор ярилцлагаа таны хувийн амьдралтай холбоотой асуултаар эхэлж болох уу?

-Бололгүй яахав /инээв/.

-Цахим хуудаснаас бараг өдөр бүр л таны тухай мэдээл­лүүдийг уншиж байна.Ихэнх нь таны хувийн амьдрал, найз бүсгүйтэй холбоотой.Эмзэг­лэдэг үү?

-Өөрийн эрхгүй л тэр мэдээл­лүү­дэд дасч, дөжирч байх шиг байна.Намайг Москвад байхад миний тухай тийм ч сайн мэддэггүй, надад өнөөдрийнх шиг ингэж анхаарал тавьдаггүй байсан.Өнгөр­сөн зургадугаар сараас хойш би Монголдоо байгаа.Цаашид ч эндээ амьдрах бодолтой байна.Магадгүй, хэвлэлээс өөрийнхөө тухай мэдэхгүй олон л зүйлийг цааш унших байх даа.Товчхондоо бол эхлээд эмзэглэдэг байсан.Одоо бол тоохгүй байхыг л хичээдэг.Хамгийн харамсалтай нь би уран бүтээл хийж байгаа нь сонирхолтой биш, зүгээр л хувь хүнийг нь сонжоод байдаг болчихсон.Уран бүтээлчдийн амьд­рал угаасаа л олны өмнө ил байдаг болохоор иймэрхүү асуудлыг даваад л гарна даа.

-Таныг найз охиндоо гар хүрсэн гэж бичсэн байсан. Загвар өмсөгч О.Ариунзул…
-Хэрвээ би хайртай бүсгүйдээ хатуурхсан бол юу гэж бид хоёр хамт амьдрах билээ.Тэр мэдээллийг би шууд үгүйсгэнэ.

-Дараа нь та хоёрыг салсан гэсэн мэдээлэл цацагдсан.Гэхдээ тэр мэдээлэл анхаарал татсан шалтгаан нь таны өөр эмэгтэйтэй хөтлөлцсөн зурагтай холбоотой байх?

-Золоо бид хоёр танилууд, бас найзууд.Дуулиан шуугиан болж, бидний талаар буруу ойлголт төрүүлсэн тэр зурагны талаар тайлбар хийх нь зөв гэж бодож байна.Тэр өдөр миний очсон клубын үүдэнд маш олон хүн цугласан байсан.Бүгд орох гэж дайрч байсан үүдний хэсгээс би Золоог дотогшоо ороход нь тусалж, олон хүний дундаас гаргаж өгсөн юм.Тэр үеийг зурагчид дарж, бид хоёрыг холбож мэдээлэл цацсан.Ийм л зүйл болсон.О.Ариунзул ч тэр, би ч тэр саар мэдээллүүдийн араас янз бүрийн тайлбар хийхийг хүсээгүй л дээ.Бид өөрсдийгөө л мэдэж, ойлгож байвал бүх зүйл асуудалгүй гэж бодож байлаа.Гэхдээ бид хоёр удахгүй гэр бүл болно.Үр хүүхэдтэй болно.Тийм үед ийм мэдээллүүд бидний сэтгэлд сэв суулгах вий гэж хааяа болгоомжилж л байна.Би Монголдоо ирээд үргэлж нээлттэй байж ирсэн.Хаана ч явсан би өөрийгөө нууж хаадаггүй, халхалдаггүй, эрх чөлөө­тэй сайхан байсан.Харин одоо бол шил зүүж, малгай өмсч, ороолтоор нүүрээ битүү ороочихоод явж байхгүй бол болохгүй л болж байх шиг байна даа.

-Мэдээж таньтай уулзсан юм чинь уран бүтээлийн чинь талаар сонирхмоор байна?

-Ойрын хугацаанд би нэг томоохон төсөл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.Гэхдээ уучлаарай, одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.Мэдээж энэ төсөл маань хэрэгжээд эхэлчихвэл бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдах байх аа.Шинэ цомог гаргахаар уран бүтээлдээ орсон байгаа.Энэ цомгийн ажлын хүрээнд ч гэсэн олон зүйлс төлөвлөгдсөн.Америкаас, Оросоос найзуудыгаа урьж, хамтарч ажиллахыг санал болгоод байна.Удахгүй би сайхан мэдээнүүд дуулгана аа, итгэлтэй байна.

-Таныг уртын дуу их сонирхдог гэж сонссон?

-Маш их сонирхдог.Гэхдээ би өөрөө уртын дуучин болно гэсэн үг биш шүү.Урлагийн хүн хөгжмийн, дууны маш сайн мэдрэмжтэй байх ёстой гэдэг утгаараа би хөгжмийн олон урсгал чиглэлийг сонирхдог.Тэр дундаа манай уртын дуу бол үнэхээр гайхамшиг гэж хэлмээр байна.Би Булганы хүү шүү дээ.Нутагтаа очиж, наадам үзээд л, тэгж явахдаа сайхан айргаа ууж, уртын дуугаа аялж суух юмсан гэсэн бодол надад байнга төрдөг.Сайхан уртын дуу дуулж сурна аа.Нутагтаа очиж дуулна шүү.

-Та дахиж “Univers best songs” шоунд шүүгчээр ажил­лах уу?

-Санал ирвэл би дэмжинэ.Гэхдээ одоохондоо тийм яриа болоогүй л байна.

-Олны анхаарлыг маш ихээр татдаг байсан энэ шоуг жил ирэх тусам чанаргүй болж байна гэж хүмүүс шүүмжилдэг.Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ.Үзэгчийн хувиас хариулахыг хүсч байна?

-Аливаа ажлын сайн, мууг хүний яриагаар дүгнэнэ гэвэл өрөөсгөл зүйл л дээ.Миний оролцож байсан “Народны артист” тэмцээнийг ч гэсэн ялгаагүй “Анхных нь хамгийн сайн төсөл байсан” гэж хүмүүс ярьж л байдаг.Миний бодлоор харин ч эсрэгээрээ ийм төрлийн шоу жил ирэх тусам хөгжиж, чанаржиж, өөрийнхөө авьяасыг далдалж байсан олон хүнийг нээж, тэднийг тайзан дээр авчирдаг.Зохион байгуулагчид, оролцогчид бүгд туршлагатай болсон байдаг.Өнгөрсөн жилийн шалгаруулалтыг би шүүгчийн хувиар ч, үзэгчийн хувьд ч сайн байсан гэж хэлнэ.Би “UBS” шиг тийм сайн зохион байгуулалттай, тийм гоё уур амьсгалтай телевиз харж байгаагүй.Надад тэр хамт олон маш сайхан сэтгэгдэл, үнэлэмж төрүүлдэг.Би лав “Univers best songs”-ыг чанаргүй гэж хэлж чадахгүй.

-Та “Universt best songs”-ын шилдэг оролцогч, рэппэр Дөлгөөнтэй хамтарч дуу хийнэ гэж байсан.Тэр юу болсон бол?

-Мэдээж Дөлгөөндөө амласан амлалтдаа хүрч, сайхан уран бүтээл хийнэ ээ.Энэ ондоо багтаах бодолтой байна.Дөлгөөн одоо “Prosounds” студитэй хамтран, шинэ цомог гаргах гэж байгаа.

-Ингэхэд та Орост яг ямар сургууль төгссөн юм бэ?

-Улаан-Үдэд байдаг Урлагийн дээд сургуульд суралцаж, дуучны анги төгссөн.Москвад найман жил урлагийн салбарт нь чанагдлаа.Тэр туршлагыг, тэр шоу ертөнцийн амжилтаас Монголдоо хэрэгжүүлье гэсэн бодол надад бий.Бас суралцах зүйл их байна.

-Хэрвээ та урлагийн сургуульд сураагүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

-Бизнесийн чиглэлээр сурах байсан.Мэргэжлийн дуучин болоогүй байхдаа, том тайзан дээр гарч үзээгүй байхдаа би жижигхэн хэмжээний наймаа хийдэг байсан. Улаан-Үдэд байхдаа найзтайгаа хамтарч… Одоо бодсон чинь бас их хөгжилтэй санагдаж байна.“Алтан түлхүүр” гээд чихэр байдаг даа, ирис.Хамгийн анх тэр чихрийг боодлоор нь аваад, өдрийн завсарлагааны үеэр ангийнхаа хүүхдүүдэд зардаг байлаа.Дараа нь Улаан-Үдэд ирдэг монголчуудтай хамтарч наймаа хийдэг болж, Улаанбаатар- Наушки, Москва -Наушкийн галт тэргэнд оймс зардаг байсан.Бусдын л адил залуу хүн юм чинь хэрэгцээний мөнгийг олох, аав ээждээ туслах, ажил сурах гээд тэгж ажиллах нь надад маш зүйл сургасан.Одоо манай найз маань Улаан-Үдэд рестораны бизнесийг маш амжилттай эрхэлж байна.Найз маань бизнесмэн, би дуучин болоод тус тусынхаа л замаар ажиллаж, амьдарч байна даа.

-Та одоо байнга Монголдоо амьдрах уу.Эсвэл одоохондоо Орос, Монголын хооронд байх нь уу?

-Хэдэн жилийн дараа бол эх орондоо суурин амьдарна аа.Аав, ээж, ах дүү нартайгаа Монголдоо амьдарна гэж боддог.Гэхдээ ОХУ-ыг би одоохондоо орхиж болохгүй.Тэнд хийх юм их байна, найз нөхөд маань тэнд байна.Анхны продюсер маань ч тэнд байгаа болохоор би одоохондоо Орос, Монголын дунд л амьдарч байна даа.

-Энэ намар Монголын шоу ертөнц их хөдөлгөөнтэй байлаа.BLUE хамтлаг, бас Өмнөд Солонгосын Т-ARA охидын хамтлаг ирлээ.Та тэдний тоглолтыг үзсэн үү.

-Үзсэн. Надад жаахан харамсал­тай санагдсан зүйл нь BLUE монголд дуулж байхад цэнгэлдэх хүрээлэнд санасныг хүртэл хэмжээнд хүн ирээгүй.Би үнэхээр гайхсан.Тэд чинь BLUE шүү дээ.Гэтэл дараа нь Өмнөд Солонгосын хамтлагийн тоглолтод арван жилийн хүүхдүүд хөл тавих зайгүй цугласан.Энэ хоёр том тоглолтоос бид үзэгчдийн урлагийн боловсрол, мэдрэмж, хүсэл, сонирхлыг харж болохоор байсан.Бас урлагийнхан бид нар үзэгчдэдээ юу өгч байгаагаа, юу хийж байгаагаа, юуг орхигдуулснаа олж харах ёстой.Үзэгч, сонсогчид, ард түмэн бол үеийн үед урлагийнхны тусгал байж ирсэн.Бид юу хийж байна, яаж хүмүүст урлагийн мэдрэмж өгч байна үзэгчдийн дийлэнх нь тийм л хэмжээнд сонсч сурна.Урлагаар дамжуулж өөртөө бий болгодог олон гоё мэдрэмжүүд, урлагийн мэдлэгүүд байдаг.Урлаг хүнийг хүмүүжүүлдэг.Нөгөө талаасаа сүүлийн үеийн охид, хөвгүүд хөгжмийн ямар урсгалын, ямар улсын нөлөөнд автаж байна вэ гэдгийг бид өнөөдөр бодолцох л ёстой.Урлагийн нөлөө хувь хүний хүмүүжилд шууд нөлөөлдөг гэдгийг л хэлэх гээд байгаа санаа юм шүү.

Э.ТЭМЛҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж