
“Оюутолгой”-н асуудлаар гурван том ажлын хэсгийг хувь нийлүүлэгчид хамтран байгуулсан. Түүний хүрээнд өнгөрсөн даваа гаригаас хуульч, эдийн засагчдаас бүрдсэн хамтарсан баг ажилдаа орсон байна. Эхний ээлжид “Оюутолгой”-н зардлын тайлан, тооцоог тулган нягтална. Эх сурвалжийн мэдээлснээр татварт хэдийг төлсөн, цалин хөлс, орон нутгийн төсөвт хэдийг зарцуулсан, мөн геологийн нөөцөө яаж тогтоосон зэргийг хамтарсан ажлын хэсгийнхэн тогтоох бөгөөд түүний дараагаар гол асуудалдаа орохоор төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллараас долоон тэрбум болж өссөн шалтгааныг тодруулах мөн далд уурхайн хөрөнгө оруулалтад шаардлагатай дөрвөн тэрбумын асуудлыг яаж зохицуулахыг ирэх арваннэгдүгээр сараас хэлэлцэж эхлэх төлөвтэй.
Баталгаатай эх сурвалжаас авсан мэдээгээр “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтыг зээлээр шийдвэрлэх хүсэлтээ гаргасан “Рио-Тинто” саналыг Монголын Засгийн газар зөвшөөрч байгаа бололтой юм. “Оюутолгой”-н хөрсөн доорх баялгийн 70-80 хувийг далд уурхайгаар олборлох учраас санхүүжилтийн асуудлыг ямар ч байсан яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг эдийн засагчид зөвлөж байгаа. Нөгөө талаар Монголын эдийн засаг дахь валютын орлогын 55 хувийг “Оюутолгой” хангаж байгаа тохиолдолд далд уурхайн ажлыг хүссэн, хүсээгүй эхлүүлэх шаардлага бий. Эх сурвалжийн хэлснээр “Оюутолгой”-н далд уурхайн ажлыг эхлүүлэхийн тулд Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн дөрвөн том санхүүгийн байгууллагаас тодорхой хэмжээний зээл авах зөвшөөрлийг “Рио-Тинто”-д олгож магадгүй юм байна. Дээрх байгууллагаас хэдий хэмжээний зээл авах эцсийн шийдвэр хараахан гараагүй ч Дэлхийн банкнаас 500-750 сая ам.доллар, Олон улсын санхүүгийн корпорациас бас 750 сая ам.доллар авахаар яриа хэлэлцээ өрнөж эхэлсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ хаанаас, хэдийг зээлэх эцсийн шийдвэр арванхоёрдугаар сард гарах болов уу.
Өчигдөр УИХ-ын бие даагчид “Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийж, гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол Засгийн газрыг огцруулна гэж айлгав. Тэдний энэхүү мэдэгдэл эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед нэмэр дээр нэрмээс болно гэдгийг ч зарим эдийн засагч шүүмжилж байгаа. “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтыг Монголын Засгийн газар хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар хүлээзнэж буй хөрөнгө оруулагчид хамгийн их анхаарч байгаа сэдэв. УИХ-аас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиас илүү “Оюутолгой”-н асуудлаас хөрөнгө оруулалт цаашдаа нэмэгдэх үү, буурах уу гэдэг нь шийдэгдэнэ гэж эдийн засгийн хүрээнийхэн дүгнэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тал хувь нь буурсан энэ үед Оюутолгойн далд уурхайн асуудлаас Монголын олон хүний амьдрал шалтгаалах болчихоод байгаа нь харин хамгийн үнэн билээ.