
Засгийн газрын зүгээс дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэжээ. Тодруулбал, стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан, Гашуун сухайтын боомтод зорчигч тээврийн хөдөлгөөнийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос тусгаарласан орох гарах гарц бүхий 10 зам барихаар Хятад улстай тохиролцсон байна. Мөн Гашуун сухайт Шивээхүрэнгийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохоор хүн хүчийг нэмэгдүүлж, хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгасан. Гэвч Хятад улсын тал зөвшөөрсөн нөхцөлд дээрх хоёр боомтыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх явц шийдэгдэх гэнэ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд Засгийн газар өнгөрсөн жил гаруйн хугацаанд гурван байнгын хорооноос гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд дорвитой ажил хийж чадсангүй гэсэн үнэлэлтийг өгч байна. Мөн Замын-Үүд, Алтанбулаг сумдад чөлөөт бүс байгуулахаа зарлан, арав гаруй жилийн нүүр үзсэн ч, хашаа хатгаснаас цааш ажил хийгээгүй тул энэ ажлаа үндсэнд нь болих хэрэгтэй гэсэн санааг ч гишүүн С.Оюун, Ш.Сайхансамбуу нар хэллээ.
Г.Дарь