Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Байцаагч эмэгтэйг өнөөдөр шүүнэ

Хамтран амьдарч байсан залуугаа харамлаж, мэргэжил нэгт эмэгтэйг  хөнөөсөн татварын байцаагчийг шүүх хурал өнөөдөр  10.00 цагт  Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн шүүх танхимд болно. Энэ хэргийг шүүх хурал аравдугаар сарын 2-нд болох ёстой байсан ч өмгөөлөгч нь ирээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлогдсон юм.  Түүний шүүх хуралд хүүгийнх нь эцэг Д.Батболд оролцоно. 

Хардалт, өс хонзонгоос болж, бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Туяа гэх эмэгтэйг үзэн ядах, жигшин зэвүүцэх нэгэн захаас аваад бий. Бусдын гарт охиноо, ээжийгээ алдсан  талийгаачийн ар гэрийнхэнд бүр ч харамсалтай байгаа нь ойлгомжтой.

Аравдугаар сарын 2-нд болсон шүүх хурлын үеэр талийгаачийн ээж уур бухимдлаа барьж дийлэхгүй цурхиран уйлж “алуурчин” хэмээн шүүхийн танхимд хашгирч орилсон. Төрүүлсэн охиноо бусдын гарт алдсан ээжийн сэтгэлийн шаналал, гомдол, цөхрөлийг буруутгах аргагүй. Бусдын амь насанд санаатайгаар, өс хонзонгийн сэдлээр халдсан Ц.Туяа гэм буруугаа шүүлгэж, шийтгэлээ амсах нь мэдээж. Гэхдээ адилхан үр хүүхэдтэй эх хүнийг  ийм аймшигтай үйлдэл  хийхэд  хүргэсэн  шалтгаан юу вэ.

Хар нүдний шилний ард царайгаа нуун үнэтэй костюмаар гангарч, үнэртэй ус сэнгэнүүлсэн  “хэргийн эзэн” Д.Батболд  хэдхэн хоногийн өмнө шүүх хуралд юу ч болоогүй юм шиг ирсэн. Түүний шалиг, завхай зангийн шоглоом нь гурван бүсгүй, таван хүүхдийн хувь заяа болчихоод байгааг тэр ухаарч, гэмшиж байгаа ч юм бүү мэд. Нэгээс нь салж, нөгөөг нь шоронд хатааж,  гуравдахийг нь  шороонд булсан гэх Д.Батболдын царайд гэмшсэн, харамссан шинж огтхон ч илрээгүй юм. Бүсгүйчүүдийг бээлий шигээ сольж, эхнэр, нууц амраг хоёртай адилхан өнгөтэй, адилхан машин бэлэглэж явсан түүнд албан тушаал, эд хөрөнгө хангалттай байсан ч харин  хүн чанар, хүнлэг сэтгэл  байсангүй.   Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Д.Батболдыг хэрэгт холбогдуулах, буруутгах, хариуцлага хүлээлгэх  үндэслэл байхгүй. 

Харин Ц.Туяад эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-т заасан өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх  үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа. Гэм бурууг нь шүүхээр эцэслэн тогтоовол  тэрээр 25  хүртэлх жилийн хорих ял сонсоно.

Энэ бүхний дараа төрийн мөнгөөр тансаглаж, "Волксваген Таурег" маркийн авто-машин бэлгэнд илгээсэн Д.Батболд хоёрын хоёр эмэгтэйн амьдралыг сүйрүүлчихээд хариуцлага хүлээхгүй өнгөрнө.  Гэхдээ тэр эр хүн, эцэг хүнийхээ хувьд гурван бүсгүй, таван хүүхдээсээ  ядаж л “миний буруу” гэж уучлалт гуйчих хүн чанартай байгаасай.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж