Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

“Шивтрийн хий”

/Тархины хог-4/
Саяхан Монголд ирээд буцсан Т-Ара –гийн шинэ клип нийтэд цацагдлаа гэсэн сургаар бушуухан орж үзлээ.  Ашгүй Улаанбаатарын гэр хороололд авсан бичлэг алга. Уг нь гэр хороолол гэдэг ичээд байхаар газар биш л дээ. Гэрт хэрнээ орон сууцныхнаас цэвэрхэн аж төрж буй хүмүүсийг алийг тэр гэхэв.

Газраар нэг шаргал навч хөглөрсөн намар цаг нэг л өглөө буцахад газар дэлхий цасаар хучигдана. Тэр цагт хот бүхэлдээ мөсөн гулгуур болж, машинтай машингүй цөм айж бэргэхэд хүрдэг. Өвлийн эхэн сараас цагаан сар дуустал гэр хорооллын гудамжийг хамгаас илүү халтартуулж байдаг зүйл бол “шингэн хог” буюу угаадас. Хүн байгаа цагт хог гарах нь биологийн хувьд ёс боловч  угаадсыг гудамжиндаа асгахгүй байх бүрэн боломжтой. Ядаж л ажлаа тараад очиход өглөө асгасан угаадсан  дээр хүүхдүүд тань тоглож байвал ямар санагдах билээ. Мэдээж, та сануулсан болохоор таны хүүхэд тоглодоггүй л байх. Гэвч хэн нэгний хүүхэд тоглож л байгаа харагддаг. Тэдэнд гулгах, тоглох газар байхгүй болохоор өөр хаачих билээ. Хашааны хормой даган тогтсон цасаар амны цангаагаа тайлчихаад асгасан угаадсан дээр тоглон зугаацах монгол хүүхдүүдийг харсан гадныхан  “Ёстой л байгалийн шалгарлаар хүн болж байна даа” гэж шогшрох нь бий.

Хуучин цагийн хүмүүс хог тарьдаггүй байсан гэвэл түмэн худал болно. Гагцхүү тарьсан хогоо цэвэрлэж, цэгцэлж чаддаг байсанд хамаг учир байгаа юм. Судлаачдын тэмдэглэснээр манай улсын  хаягдал бараг бүхэлдээ хуурай хогноос бүрддэг ажээ. Аргагүй ч биз. Шингэн хогийг цэвэрлэх, тээвэрлэх, зайлуулах туршлага тун хомс. Орон сууцныхан бол ус татах төдийгөөр асуудлыг шийдчихдэг болохоор сэтгэл амар. Харин гэр хорооллын бэлтэйхэн зарим нь дотроо нойлтой амины сууц барьж эхэлснээр бохир соруулах шинэ бизнес дэлгэрсэн. Нийт олонхын хувьд шингэн хог хаягдлыг нойлдоо асгах, харанхуй бүрэнхийд бол хашаанаасаа гадагш цацах төдийгөөр шийдчихнэ.

Гэтэл тэрхүү угаадас гэх шингэн хогноос болж, хөрс асар ихээр бохирдохын дээр Улаанбаатарын агаарын найрлагад шивтрийн хий гэх өөр хаана ч байдаггүй бохирдол бий болсныг  япон судлаач тогтоожээ. Уг нь Нарангийн энгэрийн хогийн цэгт шингэн хог хаягдал зайлуулах талбай гэж бий. Тэнд сүүлийн жилүүдэд нэг дусал ч хог  очоогүйгээс харахад тэр төрлийн хогийг бид хотдоо л шингээчихдэг нь харагдана. Хотод ч гэж өөрсдөдөө л шингээж буй хэрэг л дээ. Асгасан угаадас өвөлдөө хөлддөгч хавар цагт нарны нөөлөгт ууршиж, бид түүгээр амьсгалж байдаг. Гадаадын улс оронд бол шингэн хог, шавхайг хүртэл биохий болгон ашиглаж, түүгээр дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг байна. Мал, амьтны бордоо хийдэг ч гэнэ. Тэр хэрийн аж ахуйч сэтгэлгээ гаргахаа байг гэхэд хүүхдүүд болоод өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө шингэн хогоо ил задгай асгадаг зуршлаа халчихмаар юм. Бохир соруулах машин хаа сайгүй байхад бохирын цооногоо жилдээ нэг удаа цэвэрлүүлчихээд байхад та ч, би ч хаана хальтраад уначих бол гэж түгшихгүй амар биш гэж үү. 

Нэг хүн жилд 0,006 кубметр бас нэгэн төрлийн “шингэн хог” ялгаруулдаг ажээ. Ялангуяа эрчүүд тэр хогныхоо чамгүй хувийг хотын гудамжинд байшингийн булан тохой, ар өвөрт хаяж орхидог. “Монголоос ирсэн залуус биеэ засчихаад усаа татаж мэддэггүй” гэх солонгос эзний зэмлэл ичмээр боловч үнэнийг өгүүлж буй. Ялгаруулж буй хаягдал, тарьж буй хог буртгаа өөрсдөө цэвэрлэж, цэгцэлж чадахгүй хэрнээ бусдыг шүүмжлэхдээ гаргуун зантай биднийг гадныхан бол огт ойлгохгүй юм билээ. Гэрээ цэвэрлэж сураагүй байж төр түших санаа хаанаас нь төрдгийг тэд гайхдаг. Ядахдаа энэ жилээс хотыг шингэн хаягдлаас ангижруулах уриалгыг хэрэгжүүлбэл ямар вэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж