
Өмнө нь хоёр удаа сонгогдоод байсан Алиев энэ удаад 85 хувийн саналаар илт давамгай ялалт байгуулжээ. Гадны ажиглагчид энэ удаагийн сонгуулийг шударга бус гэж үзсэн бөгөөд Азербайжанд ардчилал, шударга ёс алдагдаж, нэг хүний засаглал ноёрхож эхэллээ гэсэн дүгнэлт үйлдсэн байна. Илхам Алиев 2003 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш даруй 10 жилийн хугацаанд хэвлэлийн газрууд татан буугдаж, авилгалын индексээрээ дэлхийд тэргүүлэх болсон билээ. “Бид ардчилсан, эрх чөлөөт, хүчтэй улс болох замналаа дахин үргэлжлүүлэхээр боллоо. Энэ бол бүх ард иргэдийн сонголт. Бидэнд одоо ухрах зам байхгүй” гэж Илхан Алиев ялалтын баярынхаа үеэр мэдэгджээ. Түүний өрсөлдөгч болох сөрөг хүчний удирдагч Жамил Хассани ердөө 5,2 хувийн санал авчээ. Гадны ажиглагчид түүнийг хүчтэй өрсөлдөнө гэж байсан ч Алиевт саад болж чадсангүй. Хэдийгээр Азербайжан улсын ерөнхийлөгч хоёр удаа л сонгогдох эрхтэй байдаг ч тэрээр энэ удаагийн сонгуульд ялснаар дахин таван жил ерөнхийлөгчийн суудалд залрахаар боллоо.
Илхам Алиевийн өмнө түүний аав болох Хейдар Алиев ерөнхийлөгчийн албыг хашиж байсан билээ. Ийнхүү сүүлийн 20 жилийн хугацаанд Алиеын гэр бүл Азербайжаныг толгойлж байна.