
Морьд бухимдав. Учир нь Ард түмний их хуралдайг зохион байгуулагч зарим хүн сэлэм эргүүлэнгээ “Сүхбаатарын талбайд эхний ээлжинд 11 морь авчирсан. Дараа нь 150 морьтой болсон. Харин дараагийн цугларалт дээр 1000 морьтой ирнэ” гэлээ. Харин улстөрч морьд энэхүү ташаа мэдээллийг залруулахаар хэвлэлийн бага хурал хийв. “Бидний хэсэг морьд эв санаа нэгдэн нэгэн зорилгоор Сүхбаатарын талбайд цугларцгаасан. Угтаа энэ бол Ард түмний их хуралдай биш, адуун сүргийн их хуралдай. УИХ 2008 онд цөлжилтийн автор ямаанд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ариун явдал уу. Тэгж ярих юм бол адуу ч бэлчээр талхалдаг. Таван хошуу малаа таван янзаар алаг үзэж болох уу, та минь ээ” хэмээн сүргийн манлай хэлэхэд бусад нь гийнгоолон дэмжицгээв. Тэд УИХ, Засгийн газар огцрохыг шаардаад зогсохгүй Төрийн ордон дахь есөн хөлт цагаан тугийг буулгахыг шаардав. Адуунд амлалт өгдөггүй улстөрчдөд дэл, сүүлнээсээ дахиж өгөхгүй гэв. Ноолуурын сезон орчихоод байгаа энэ үед адууны шир, дэл, сүүлний үнийг хөөрөгдөхөө мэдэгдэв. Хоржоонтой үгтэй улстөрч морь “УИХ-ын гишүүд морь унан дуу дуулж, клип хийлгэдэг болсон байна лээ. Тийм л сүрхий юм бол ямаагаа унаад клип хийлгэх нь яалаа” хэмээн хажуудахаа нударч байх юм. Хэвлэлийн бага хурал зохион байгуулсан морьд их хуралдайгаас гаргасан тогтоолоо УИХ-ын гишүүд, сайд нарт өнөө, маргаашгүй гардуулах гэнэ.
Морьд эздээ шоглож байна. “Энэ муусайнууд бидний хөлс хүчийг урсгаж нийслэлд ирчихээд ганцхан литр ус өгч байгаа юм уу. За, гайгүй дээ. Та нар их хуралдай, энэ тэр гэж хөөрцөглөцгөөж л байг. Ихээхэн дургүй хүргэвэл ганцхан булгиад л унагачих юм чинь” гэж. Харин Төрийн ордон тийш харж, чихээ хулмалзуулснаа “Хүмүүс их тэнэг юм. Ийшээ өндөг, улаан лооль шидэж, мөнгөө үрж яана. Хэрэв улстөрчид шаардлагыг маань биелүүлэхгүй бол Төрийн ордон руу дайрч, тэднийг ганц, ганц тангарчихад л хангалттай” хэмээн анархизмд ил тод турхирлаа. Гэвч эр хүний хань эмээлт хурдан хүлэг эзэн рүүгээ харснаа ийн үүрсэх нь сонсогдов. “Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж… Ингэхэд улстөрчид өө, морийг яах гэж гомдоосон юм бэ дээ. Энэ мөчөөс эхлэн бие биенээ “Ээ, муу морь оо” гэж шоглодгоо болиорой. Тэгээд ч Ард түмний их хуралдайн үеэр Чингисийн хөшөөний дэргэдэх хоёр морьтон амилж, сэлэм эргүүлээгүй нь их юм гэж бод.
С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин