Жилийн жилд мөнгөний бодлого гэж юу хэлээд байгаагаа ч ойлгодог эсэхэд нь эргэлзмээр хадуурч давхих гишүүд Монголбанкны захирлыг боломж олдсон дээр нь гэх шиг баахан загнаж таарна. Өмнөх Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг лав үсийг нь цайтал загнасан. Аргаа барсан мань хүн нэг өдөр үсээ тас хараар будчихсан орж ирээд олон хүнийг ойчуулах /цус харвуулах/ шахсан билээ. Түүний өмнөх Ерөнхийлөгч А.Батсүх гэж уурлаж байгаа нь ч мэдэгдэхгүй, инээж байгаа нь ч харагдахгүй, хар цагаан үг унагадаггүй нөхөр байв. Цаашлаад өнөөдөр ч мөнгөний бодлогыг үг алдахгүй шүүмжилж байдаг О.Чулуунбат Монголбанкийг удирдаж байхдаа бас л “зангарагтай” загнадаг байж. Монголбанкны үе үеийн өвөрмөц онцлогтой ерөнхийлөгч нарын талаар нэг ийм онигоо байдаг.
О.Чулуунбатын үед Монголбанк бодлого байхгүй ч мөнгөтэй байв. А.Батсүхийн үед мөнгөгүй, бодлого л байсан. Харин Л.Пүрэвдоржийн үед ч мөнгө ч байгаагүй, бодлого ч байгаагүй ээ гэж. Харин Л.Золжаргалын үеийг хожим юу гэж нэрлэх нь өнөөдөртөө хараахан тодорхойгүй.
Гэхдээ л өнөөдөр УИХ-ын чуулганы танхимаас баахан “асаалттай танк”-ууд түүнийг чичлэх нь тодорхой. Дээр хэлсэн дээ, мөнгөний бодлого ярихаар гишүүдийн онгод нь ордог гэж. Гэвч харамсалтай нь, зарим нэг гишүүн “Эдийн засаг ярьж байхад та нар юун макро, микро гээд автобус яриад байна” шахуу юм болно шүү дээ. Мөнгөний бодлого гэж юу яриад байгааг ч ойлгохгүй, барааны үнэ, ам.долларын ханш энэ тэр ярьж хадуурч байгаад төслийг ядахдаа үг үсгийн ч өөрчлөлтгүйгээр баталж орхидог юм. Өөрчлөлт хийх нь бүү хэл, асуулт асууя гэхээр ухаан хүрдэггүй биз дээ, заримд нь.
Өнөөдөр ч гэсэн чуулганаар мөнгөний бодлого хэлэлцэхэд гишүүдийн хамгийн их асуух асуулт юу байхыг таах уу?
-Инфляцийг барьж чадах уу чи? Махны үнэ 1200 төгрөгөөр, шатахууны үнэ 50 төгрөгөөр /өмнө нь жил бүр 150-аас доошгүй төгрөгөөр нэмэгддэг байсан нь огтхон ч хамаагүй/ нэмэгдлээ, ард түмний маань амьдрал хэцүүдлээ…
-Төгрөгийн ханш чангарах уу? Ер нь яахаараа та нар төгрөгийн ханшийг барихгүй байна? Сая яав… гэх мэтчилэн л үргэлжлэх болно доо. Мөрийцөх үү?