Харуул хамгаалалттай, асар том бурхны дүр, цэцэрлэгжилт тохижилттой, талийгаачдын шарилыг нямбай эгнүүлсэн тайван энэ газарт талийгаачаа оршуулахад ар гэрийнхнийх нь зүгээс ажил болгонд самгардах шаардлагагүй. Хойтын номыг унших ламаас эхлээд машин, унаа, хөшөө сэлт 108 зул, гар ариутгах үйлийг ч бэв бэлэн үйлчилнэ. Харин шарил залах сүмтэй машин сонгох уу, эсвэл хөшөө, суварга ямар байх зэрэг “сонголт” өөр, өөр үнэтэй. Тухайлбал, хүндэтгэл төрүүлэм том суварга сонговол арав орчим сая төгрөг. Дээр дурдсан нь хамгийн эгэл жирийн бөгөөд хямд “сонголт”.
Нэг хэсэг оршуулгын газар аймшигтай замбараагүй байсныг бодоход энэ “үйлчилгээ” бас ч гэж цэгцтэй болжээ. Гэхдээ энд яалт ч үгүй таатай, сайхан, сонголт, үйлчилгээ бүр үнэ гэсэн үгийг ч хэлж, бичиж түвдэхгүй нь. Хорвоогийн жамаар хэн бүхний туулах зам ч хайртай, хүндэлдэг дотно хүнээ хөдөөлүүлсэн хэн ч хажуугаар нь гарахдаа харц дальдирдаг уйтай газар. Гэтэл бидний “Буян” компани гэж нэрлэдэг өмнө нь Иргэдийг үйлчлэх товчоон гэгддэг байсан газар “Бүх үйлчилгээг нэг дороос” гэсэн “ялдам” үгтэй сурталчилгааны самбар тосон мэлтийх нь яалтай ч билээ дээ. Тэднийг буруутгах ч бас аргагүй юм. Нас барсны гэрчилгээ, оршуулгын зардал, нийгмийн даатгалаас олгох нөхөн төлбөр гээд бүх бичиг баримтыг энд бүрдүүлж, дээр дурдсан машинаас эхлээд хойлгийн ёслол үйлдэх зоогийн газрыг ч эндээс захиалж болох тул яалт ч үгүй л “нэг цэгийн үйлчилгээ” юм даа.
Энд бас алтан хайрцаг нээх, хойтын буян үйлдэх лам ч байдаг. Монголчууд хэдийнээсээ буяны ажилд буруу сэтгэл өвөрлөдөггүй, хамаг байдаг чадлаараа л эвлэж, гүйцэлдүүлж, “Буяны ажил болохоор, олны дэмээр болж байна даа. Буянтай хүн болохоор бүх ажил нь саадгүй боллоо” гэлцэж, сэтгэлээ тайтгаруулдаг. Тэр ч ёсоор буяны ажил буянаараа л болдог. Хэн ч буяны ажилд үнэ ханш, мөнгө төгрөг хэлэлцдэггүй. Тэр тусмаа “үнэтэй” гэсэн үгийг хэзээ ч амнаасаа унагаж төвдөхгүй. Хүн өөрөө хамгийн үнэтэй нь байдаг болохоор. Гэхдээ л дөрөв гаруй тав дөхүү сая төгрөг гаргаж чадахгүй нь хэд байдаг бол гэсэн бодол үе үе зүрх хөндүүрлүүлнэ. Цөөхөн биз ээ гэж сэтгэлээ тайвшруулна.
2013 оны гуравдугаар сарын 28. Энэ хаалгыг мэдээж уй гашууд автан хүмүүс л алхаж ордог болохоор ажилтнууд нь ч эелдэг бөгөөд болгоомжтой, хүндлэнгүй харьцаатай. “Нью симитери” компанийн ажилтан бүсгүй нам дуугаар оршуулгын ажлын “үнэ тариф” /бас л хэл эвлэрэхээргүй үг, энэ тохиолдолд/ -ыг танилцуулна. Шүлэг уулын энгэрт шарил оршооход дөрвөн сая есөн зуун тавин мянган төгрөг.
Хэдхэн хоногийн өмнө хоёр сая долоон зуун мянган төгрөг гэж байсан “тоо” дөрвөн сая, есөн зуун мянган төгрөг болжээ. “Яагаад үнээ нэмчихэв” гэсэн үг төрөл төрөгсдийнх нь амыг бол давж зүрхлэхгүй. Харин намуухан дуутай, хөөрхөн бүсгүй өөрөө буруутай юм шиг харцаа буруулан гилбэлзэн байж “Хоёр хоногийн өмнө өөрчлөгдсөн” гэсэн үг уруулаа зүрхлэн давуулав. Хорьхон хоногийн зайтай хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн эгч, ах хоёрыгоо алдсан хагацлын дэргэд хоёр сая төгрөгийн “зөрүү” гомдол тавих, гайхах, шалтаг болж чадахгүй. Зүгээр л “аан” гээд өнгөрөөхөөс яахав. Түүнээс хэт хагацал үзсэн болохоор. Мэдээж хэрэг цаашдаа ч бас энэ “зөрүү мөнгө”-ний талаар хэн ч хэзээ ч ярихгүй, асуухгүй. Хүнээ алдсан сэтгэлд мөнгө бодох “зай” ч байхгүй болохоор.
Гэхдээ оршуулгын ажлын “үнэ тариф” хэд байдгийг мэдэхгүй олон хүн байгаа байх. Мэдэхээс өөр аргагүй үед л мэддэг цөөхөн зүйлийн нэг энэ. Олон хүн “мэдэхгүй” чигээрээ байгаасай гэж бас сэтгэлдээ сүсэглэнэ, хагацал үзэж, энэ газрын хаалгыг татахгүй байгаасай л гэсэн эерүү сэтгэлийн бодол шүү дээ.
Дээхнэ нь өрх толгойлсон ядмаг бүсгүй амьсгал хураахад учраа мэдэхгүй нялх балчир гурван хүүхэд нь ээжийнхээ шарилыг гэртээ арав гаруй хонуулсан байсан гэсэн яриа чих дэлсэж байлаа. Албан бус яриа л даа, үгүй л байгаасай. Гэвч бүл чадал муутай, ядмаг хэн нэгэн үхэл хагацал тохиолдож гэмээнэ, дөрвөн сая төгрөг олох нь бүү хэл, хаана алга дарам газар олж, хэрхэн талийгаачаа хөдөөлүүлэх вэ гэж мэгдэх аюул Монголд байхгүй гэж лав гэж хэлж чадахгүй нь. Дөрвөн сая төгрөг бүү хэл дөрвөн зуун мянган төгрөг олж чадахгүй хүн зөндөө байгаа гэвэл та маргахгүй биз.
Мэдээж та заавал дөрвөн сая төгрөг төлдөг “хувийн” оршуулгын газрыг сонгох албагүй л дээ. Хэр тааруухан үнээр шарилын хайрцгаа зэхээд “улсын” оршуулгын газар талийгаачаа хөдөөлүүлж яагаад болохгүй гэж. Асуудлын гол учир энд байгаа юм. Яагаад гэвэл баруун болон зүүн чиглэлд “Нью семетри”-гээс өөр зөвшөөрөлтэй оршуулгын газар байдаггүй. Бараг л цорын ганц “улсын” зөвшөөрөлтэй оршуулгын газар нь нийслэлээс өмнө зүгт орших Нарангийн энгэр. Талийгаачийг нутаглуулах газрын чигийг онцгойлон анхаарч, ламын үгнээс гаждаггүй хүмүүс шүү дээ, бид. Зөвхөн лам хэлсэндээ ч бус, талийгаачийн ажлыг бүх л ном журмынх нь дагуу гүйцэтгэх нь үлдэгсдийн үүрэг гэж үздэг учраас. Ингээд л өмнө зүг л биш бол “Нью семетри”-гийн оршуулгын газар юм уу “Буян” компанийн шарил чандарлах газрыг “сонгох”-оос өөр арга байхгүй. Аргаа барсан хүн хорвоог орхихдоо алд биеэ үлдэх алга дарам газар Монголд хүнд олдохоо больсонд учир байгаа юм.
Яг энэ асуултыг “Буян” компанийн ажилтанд зүрхлэн тавьтал өөдөөс түмэн бэрхшээл тоочиж, мянган сургаал айлдах нь тэр. Утгыг нь багцаалбал “Ер нь даваа, лхагва, баасан гаригт оршуулга хийдэг өнөөгийн заншил чинь социализмын үед “Оршуулга гарвал эвгүй” гээд зохицуулалт хийсний үндсэн дээр тогтсон шүү дээ. Түүн шиг л өнөөгийн нийгэмд бид ч бас оршуулгын зан үйлээ эргэн харах цаг болсон. Манай шарил чандарлах үйлчилгээ бол арай хямд, хоёр сая орчим төгрөг” гэнэ.
Энэ мэтчилэн маш олон зүйл ярьсны эцэст заавал ламын хэлсэн зүгт талийгаачаа оршуулах шаардлагагүй, салах ёс хийхдээ мөрөө зүгт нь гаргачихсан байхад л хангалттай гэсэн шахуу тайлбар болоод дуусав. Үнэндээ тэр миний асуугаад байгаа зүйлийг огтхон ч ойлгоогүй бололтой. Монголчууд ямар их замбараагүй, заваан болсон, бүр хээр гадаа ч талийгаачаа ил оршуулаад алга болчихдог болсон, ТҮЦ-ээ хүртэл тоолдог мөртлөө оршуулгын газрыг болохоор төрөөс харж хандах эзэн ч олддоггүй гээд л түүний яриа дуусах янзгүй. Зарим үгийг сонсоод гайхаш тасрав. “Өнөөдөр орон сууцны метр квадратын үнэ ямар байгаа билээ? Гэтэл харанхуй өрөөний талд ч хүрэхгүй мөнгийг талийгаачаа оршуулахад зориулж яагаад болохгүй гэж…?” гэх үгийг тэсээд чихнийхээ хажуугаар өнгөрөөв. “Булган шуба өмсчихөөд талийгаачийнхаа ажил явдалд мөнгө гаргахаасаа нарийлна гэж байх уу” гэсэн үгийг бас л сонсоогүй царайлав. “Дөрвөн сая төгрөг төлж чадахгүй айл Монголд цөөн бус байгаа даа” гэдэг бодол тэр бүсгүйн толгойд лав байхгүй бололтой.
Шарил оршооход дөрвөн сая есөн зуун тавин мянган төгрөг.