Олигархид дургүй олигархи

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Олигархид дургүй олигархи

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлд Улсын баатар цол нь “хүнддэж” эхлэв бололтой. Олны хайртай улстөрчийн рейтингийг цаг үргэлж тэргүүлэн, “Манай Үүл ч яах вэ, мөрөөрөө байдаг юм” гэсэн зөөлөн сэтгэлд “манцуйлагдаж” ирсэн түүнийг энэ цагаас эхлэн “олигархи Э.Бат-Үүл” хэмээн цоллох хэрэгтэй боллоо. Учир нь, түүний ясны дургүй Н.Энхбаяр нь түүнд уг “цол”-ыг олгосон юм.

Тэгэхдээ бүр дан ганцааранд нь бус Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд С.Батболд нартай эн зэрэгцүүлсэн байна билээ. Үнэхээр ч ардчилсан хувьсгалаас хойш улс төр дэхь өөрийн байр сууриа тавьж өгөөгүй түүнийг ер нь яагаад ч олигархи хэмээн нэрийдэж болохгүй байв гэж дээ. “Ардчиллын үед Э.Бат-Үүл тэргүүтнийг алба­наас нь буулгаж болохгүй” гэсэн батлагдаагүй хууль түүний төлөө үйлчилдэг  ч юм билүү, бид мэдэхгүй шүү дээ.

Гэхдээ эд хөрөнгө энэ тэрийнх нь хувьд бол Ерөнхий сайдтай дүйцүүлж олигархи гэж нэрийдвэл жинхэнэ олигархиудын нэр хүндэд сөрөг нөлөө учруулж болох л юм. Сураг дуулах нь ээ, Э.Бат-Үүл гишүүнийг үнэнийг хэлдэгийнх нь төлөө олигарх цол өгсөн бололтой.

Ямартай ч Үүл гишүүн маань Н.Энхбаярт дургүй гэдгээ “Олигархийн загалмайлсан эцэг Н.Энхбаяр юу хэлэв” гэсэн нийт­лэлдээ онцолсон байсан. Өнгөрсөн 20 жилийн турш ганцаараа “Олигархи төрийг халах хэрэгтэй” гэж чуулганы танхимд зарласан байтал Сүхбаатарын талбайд Н.Энхбаяр түүнийг нь хэлээд эхлэхээр арга ч үгүй байлгүй. Олигархид дургүй олигархи гэж бас байх юм даа.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж