Нийтлэлийн уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Нийтлэлийн уралдаан зарлав

Монгол Улсад нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 68 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлч, зохиолч, идэвхтэн бичигчдийн дунд “Нийгмийн даатгал-Таны амьдралын баталгаа” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлаж байна. Уралдаан  дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 10-ныг хүртэл нэг  сарын хугацаанд үргэлжилнэ. Нийгмийн даатгалын ач холбогдлыг олон түмэнд таниулах, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлах, малчид, оюутан залуус, сайн дурын даатгуулагчдын хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын талаар даатгуулагч иргэдийг зохих мэдлэг, мэдээлэлтэй болгох  зорилгоор уралдааныг зарлаж буй аж. Уралдаанд тодорхой жишээ баримтаар баялаг, энгийн ойлгомжтой, хэллэг найруулга сайтай байх, график, хүснэгт, зураг чимэглэлтэй, сонин, сэтгүүлийн аль нэгэнд хэвлүүлж, олны хүртээл болгосон бүтээлийг хүлээн авах гэнэ. Түүнчлэн уг бүтээл нь  улс төрөөс ангид, аливаа албан байгууллага, хувь хүний нэр төрд халдаагүй байхыг шаардах ажээ. Хэмжээний хувьд хагас нүүрээс багагүй хэмжээтэй байх ёстой юм байна.  Уралдаанд оролцогчид сонин, сэтгүүлд хэвлүүлсэн материалын хайчилбараа, эх хувь, файлын хамт тавдугаар сарын 15-ны дотор НДЕГ-ын Мэдээлэл, сурталчилгааны хэлтэст өгөх ажээ. Уралдааны дүн тавдугаар сарын 25-ны дотор гарах бөгөөд тэргүүн байрын бүтээлийн эзнийг  500 мянган төгрөгөөр, дэд байрт шалгарвал  300 мянган төгрөгөөр, гутгаар байрын эзнийг 150 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм. Тусгай байранд гурван бүтээл шалгаруулж тус бүр 50 мянган төгрөгөөр шагнах ажээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж